Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг ОБЕГ долоодугаар сарын 25-ны 11:02 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэгт сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажлын хүрээнд ослын газраас 40 метрийн зайд иргэн 18 настай эмэгтэй Н-ийг “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ.
Харин 4 настай охин Х-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.