Монгол Улсын нэрийн өмнөөс Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр сэтгүүлч Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноосон билээ. Уг асуудлын талаар түүний өмгөөлөгч Б.Баасан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын шүүх хууль дээдлэх, нөлөөнд автахгүй байх зарчмаасаа ухарсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр ял оноосноо ч хэлэлгүй Монгол Улсын нэрийн өмнөөс Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж улс төрийн нөлөөгөөр яллаж, 10 жилийн ял оноосон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоёр удаа шүүх хурал болсон.
Манай Монгол Улсын шүүх, хууль маш том гажуудалд орсон байгааг Ч.Мөнхбаяр гэдэг хүнд холбогдох энэ хэргээс харж болно. Нэг асуудлаар хоёр удаа шүүх хурал болоход хоёр өөр шийдвэр гаргасан. Гэтэл хууль зүйн хэрэглээ нэг л байх зарчимтай шүү дээ. Энэ хоёр удаагийн шүүх хурлыг Ж.Болдбаатар шүүгч ахалсан.
Шүүх хуралд огт мэтгэлцээн явуулаагүй. Хамгийн сүүлд гэм буруутай гэх үг хэлээд л 10 жилийн ял оноосон. Энийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хятад Улсын эрхийг хамгаалж, Монгол хүнийг яллаж болохгүй. Мөн тагнуул прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавраар, хуульгүйгээр монголын иргэнийг ялласан.
Тийм учраас бид ил болгох шаардлагыг тавьж байна. Шүүгч нар галзуурчихсан. Шүүх танимд байсан 4 шүүгчид хандаж хэлэхэд, та нар бол Монгол Улсаас урвасан, харийн орны даалгавар биелүүлэгчид. Тэд нар үнэхээр тийм сайн шүүж шийдвэр гаргасан юм бол яагаад бид нартай заргалдахгүй байгаа юм. Энэ чинь буруугаа мэдэж байна гэсэн үг. Эд нараас хариуцлага тооцох хэрэгтэй" хэмээлээ.