Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас өглөө.
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа "Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм. Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийсэн.
Мөн вакциныг зөвхөн үхэрт тарьдаг. Улаанбаатар хотын ойр орчимд 92 мянган үхэр байгаа" гэдэг мэдээлэл өглөө. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн уг өвчний тархалтаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.