Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өршөөлөөр суллагдсан “хар тамхичид” засардаггүйг Монголд нууцаар амьдарч байсан ОРОС иргэний ХЭРГЭЭС ХАР

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 11 секунд


Манай улсын хууль их "гоё". Талхны мөнгө хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял өгдөг атлаа хар тамхиар 10 хүний ирээдүйг нь хорлосон этгээдэд ганцхан жилийн ял өгөөд тэрийгээ Өршөөлийн хуульд хамруулчихдаг ид шидтэй. Ядаж байхад прокурор нь ч унхиагүй, шүүгч нь ч харалган. Харин хэрэгтний өмгөөлдөг өмгөөлөгч нарынх нь арга мэх гэж жигтэйхэн.

Учрыг дор тайлбарлая.

Улсын наадмын өмнөхөн амьд хөгжмийн тоглолтын үеэр DJ OJ буюу О.Ганболд гэгч нэр бүхий дуучидтай хамт хар тамхины төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан юм.
Тэрбээр өмнө нь 2008 онд хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр шүүхээс 11 жилийн хорих ял авсан ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдаж байв.

Тухайн үед “Цагдаагаас мафийн бүлэглэл барьсан юм шиг сүржигнэсэн. Гэтэл би хэлмэгдсэн хүн. Тухайн үед Бээжингээс ирэхдээ сониуч зандаа хөтлөгдөөд каннабис халааслаад орж ирчихсэн. Татаж үзэхийн хувьд үзсэн. Гэхдээ дондотлоо биш. Сонирхлын журмаар л сорсон” гэж ярилцлага өгч байв.

Энэ бол 10 жилийн өмнөх ярилцлага. Гэвч тэрбээр зүгээр нэг сонирхоод ганц удаа татаж үзсэн биш бололтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хэрэглэсээр ирсэн байх магадлалтай юм байна. Үүнийг нь ч Хар тамхитай тэмцэх газраас батлах мэт “О.Ганболд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан. Энэ зөрчилд нь хэрэг үүсгэж шалгаж байна” гэж манай сайтад мэдээлэв.

Ингэснээр Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, өршөөлөөр суллагдасан залуу дахин аавын хаалга татлаа.

Ганц энэ жишээнээс үзвэл, Монголын хууль цааз донтогчдын толгойг илэх төдийхнөөр шийтгээд өнгөрдөг учраас л тэд цаг ирэх тусам гаарч, хүрээгээ тэлсээр байгаа юм. Үүнийг нь ч бас нэг жишээгээр тодотгон тайлбарлая.

Манай улсад ажиллаж, амьдарч байсан оросууд 2007 онд хар тамхины хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, ОХУ-ын иргэн Нимаев Мөнх Симонович гэгч хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ төмөр замын Цагдаагийн хэлтсийн орчим явж байгаад цагдаагийнханд баригдсан нь ёстой л “бүүм” болж байлаа.

Тэр нь 2000 оны сүүлч үе.

Түүнтэй хамт Усов Димитрий Юривеч, Феодров Максим Михайлович гэх хоёр нөхөр мөн л шалгагдсан. Хэрэг дуншиж дуншиж арай хийж шүүхийн шатанд шилжсэн.
Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Усов Димитрий Юривечид дөрвөн жил, Н
имаев Мөнх Симоновичид хоёр жилийн ял оноосон ч тус тус Өршөөлийн хуулиар ялыг нь 100 хувь хэлтрүүлж байлаа.

Хэргийн гуравдахь хамсаатан болох Феодров Максим Михайлович гэгчид 5.1 жилийн ял оноосон ч насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт орооцолдсон гэдгээр мөн л Өршөөлийн хуульд хамрагдсан юм.

Хэрэг ингээд дууссан. Гэтэл "донтогчид"-ыг мянга өршөөгөөд ч дахин хэрэглэдэг гэдгийг дараах үйл явдал гэрчилсэн юм.

Өөрөөр хэлбэл, өршөөлөөр суллагдсан ОХУ-ын иргэн Уткин Дмитрий Николаевич хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, худалдаалсан гэх гэмт хэрэгт дахин холбогдсон юм. Ингээд 2017 оны эхээр хэрэг шүүхэд шилжиж, улмаар гурван шатны шүүх хүртэл маргалдаж, өөрийгөө гэм буруугүй гэж өмгөөлсөн байдаг.
Тэрбээр Монгол Улсад хууль бусаар амьдарч байсан бөгөөд 2015 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд удаа дараагийн давтан үйлдлээр сэтгэцэд нөлөөт 18.7 грамм каннабис борлуулсан байна.

Мөн 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр түр оршин суух гэртээ борлуулах зорилгоор 6.4 кг каннабис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 буюу ДАВТАН, Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт буюу Монгол Улсад хууль бусаар оршин суусан гэх үндэслэлээр яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Улмаар Баянгол дүүргийн Эрү
үгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, давтан гэмт хэрэгт чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 6 сар хорих ялаар, хууль бусаар оршин суусан хэрэгт нэг жил хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу нэг жил хорих ялыг өршөөлийн хуульд хамруулсан юм.

Анхан шатны шүүх хурлын тэрбээр Давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.

Давж заалдах шатны 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн юм. Гэхдээ өршөөлийн хуульд хамруулсан нэг жилийн ялыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, Монголд хууль бусаар ажиллаж, амьдарч байсан тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 10.6 жилийн ял бус харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу 11.6 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болов.

Ингээд прокурор, мөрдөгч нарын сэтгэл амрав.

Гэтэл шүүгдэгч Дээд шүүхэд хандсанаар хэрэг буруугаар эргэсэн байдаг. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хяналтын шатны шүүх хурлыг шүүгч Т.Уранцэцэг даргалж, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүн санаанд оромгүй шийдвэр гаргасан нь прокурорууд хийгээд мөрдөгч нарын ам руу алгадах шиг болсон юм.

Энэ нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр.

Шалтгаан нь энэ.
Тэр нь шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо өөрийнх нь эрхийг зөрчсөн. Өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй гэх зэргээр өмгөөлсөн байдаг. Дээр нь мөрдөгч нар хэргийн мөрдлөгөд ажиллахдаа гүйцэтгэх ажлыг дутуу хийсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зэрэг асуудлаар шүүгч нарт "донгодуулдсан" байдаг.


Хамгийн хачирхалтай нь төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Эрүүгийн хуульд заасан ДАВТАН гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж хөнгөрүүлэн өөрчлөх саналтай байна” гэдгээ уламжилжээ.
Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргахдаа
эрүүгийн хэргийг прокурорт шилжтэл шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгасан юм.

Уг хэргийн шүүх хурал ийн дууссан.

Бас нэг хачирхалтай зүйл нь, өдгөө Уткин Дмитрий Николаевич цагдан хоригдож байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Бүр хэрэг нь дахин шүүхийн босго давсангүй. Эндээс л дээрх хэрэг мөрдөгч, эсвэл прокурорын шургуулганы тоосонд дарагдаж үлдсэн бололтой юм. Дагаад Уткин Дмитрий Николаевичийн ч сураг тасарсан. Өдгөө тэрбээр Монголд амьдарч байна уу, эсвэл нутгийн зүг хөлгийн жолоо залсан уу, бүү мэд.

Ямартай ч "хар тамхичдад" төрийн ивээл үзүүлж, мянган өршөөгөөд ч нэмэргүйг өөр хоорондоо уялдаа холбоотой дээрх хоёр хэргээс харсан байх.

Тиймээс л Ерөнхийлөгч өө, Өршөөлийн хуульд хамруулах хуулийн зүйл заалтаа эргэн нэг харж, хууль санаачлах эрхээ эдлэхийг чин сэтгэлээсээ хүсэж буйг энэ завшаанаар дайнам.

Г.Нацаг-Эрдэнэ

19-хөн настай хилчин хүү нуруу нугасандаа гэмтэл авч, хөл дээрээ босч ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ
19-хөн настай хилчин хүү нуруу нугасандаа гэмтэл авч, хөл дээрээ босч ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.