Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй. Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн дуусгахаар зорьж байгаа аж.
"Баянзүрх дүүргийн 26-р хороонд 6800 метр квадрат явган замын шинэчлэлийн ажил хийгдэхээс 50 хувийн гүйцэтгэлтэй буюу 3400 метр квадрат талбайг шинэчилсэн байна. 1.5 метр өргөнтэй, явган хүн зорчиход хүндрэлтэй байсан талбайг 3-5 метр өргөн болгон шинэчилж байгаа. Мөн явган замын бүх орц, гарцуудаар тэргэнцэртэй иргэд аюулгүй зорчиж болохоор нэг түвшний рамп хийж байгаа. Газар чөлөөлөхөөр одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгжтэй тохиролцсон” гэдгийг албаныхан хэллээ.