2023 оны нэгдүгээр сараас авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт орох болсныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээлсэн билээ. Тус өөрчлөлтөнд нийслэлийн гол замаар зорчиж буй автомашин зорчсон хэмжээгээрээ буюу км тутамд 15 төгрөг, орон нутгийн дугаартай автомашин км тутамд 45 төгрөг төлөх зохицуулалттай болох юм. Энэхүү шинэ заалтанд иргэд ихэд бухимдангуй хандаж байгаа нь мэдээж.
Тиймээс UBN.mn сайт авто зам ашигласны татварт шинэ заалт оруулж ирсэн шалтгаан болон дээрх арга хэмжээг авснаар автозамын өнөөгий нөхцөл байдалд хэрхэн өөрчлөлт орох талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаны мэргэжилтнээс тодруулсан мэдээллийг багцлан хүргэе.
"Нийслэлийн 1156 км авто замын үндсэн хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөгтэй дүйцэхүйц байсан боловч зам засварын ээлжит ажил тогтвортой хийгдээгүйн улмаас 1.26 их наяд болтлоо буурсан"
Улаанбаатар хотын авто замын сүлжээний бэлэн байдлын түвшинг 80 хувиас дээш болгохын тулд жил бүр 97 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүрдүүлэх хэрэгцээтэй байгаа юм. Ингэснээр нийслэлийн гол болон туслах замыг төлбөртэй болгож одоо хэрэгжиж буй төлбөрийн системийг өөрчилж иргэд явсан километр тутамдаа төлбөр тооцуулах нь илүү оновчтой гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Тиймээс иргэд 2023 оны нэгдүгээр сараас нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцохдоо км тутамд 15 төгрөг, орон нутгийн автомашин 45 төгрөг төлөх шинэ систем хэрэгжиж эхлэх нь.
Энэхүү шинэ стратегийг хэрэгжүүлэхдээ шинэ технологи болох чипп силл, сллюрри силл гэх мэт шинэ технологийг нэвтрүүлж, автомашинуудад сууриллуулах бөгөөд нэг жилийн хугацаанд зорчсон нийт замын хэмжээг RFID буюу радио давтамжаар илрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, та жилд хэчнээн км автозам ашигласан бэ гэдгийг дээрх системийн тусламжтайгаар бүртгэлжүүлэх юм. Энэхүү системийн дагуу цахим гэрчилгээг нэвтрүүлэн Улаанбаатар хотын 168 уулзвар дээр эгнээний тооноос хамаарч 4-8 ширхэг мэдрэгч байрлуулж, хэмжилт хийн хэрэгжинэ гэдгийг албаныхан мөн онцоллоо.
Энэхүү шинэ төлбөрийг тогтолцоог хэрэгжүүлснээр автозамын засвар, насжилтыг сайжруулах боломж бүрдэх юм. Мөн жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, хямд өртөгтэй ээлжит засварын шинэ технологийг нэвтрүүлэх, үр дүнд суурилсан гэрээг зам хариуцагчтай байгуулах, чанар байдлын үнэлгээг тогтмол хийх зэрэг чухал ач холбогдолтой болох ажээ.
Мэдээж иргэдэд илүү ээлтэй болгохын тулд явган хүний зам байгууламжаа сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг цогцоор нь нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна.
Яг одоогийн хэрэгжиж буй авто замын төлбөрийн систем нь тухайн иргэн хэчнээн км автозам ашигласнаас үл хамаарч ижил хэмжээний төлбөр төлж буй.
Энэ утгаараа дээрх шинэ төлбөрийн систем хэрэгжиснээр хэн автозамыг их ашиглана, тэр хэмжээгээрээ төлдөг болох давуу талтай болно.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад яг ийм аргаар автозамын санг бүрдүүлж, улмаар автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авдаг гэдгийг НЗДТГ-аас онцолсон юм.