Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийв. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудалтай холбоотой хэрэг, зөрчлийн талаар мэдээлэв.
Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр иргэн О.Осоржамаа Paparazzi.mn сайтад мэдээлэл өгсөн байсан. Энэ үеэр өөрт нь холбогдож буй хэргийг шийдвэрлэхгүй, шалгахгүй удаашралтай байна зэрэг олон асуудлын талаар мэдээлэл өгсөн. Иймд дээрх мэдээлэлтэй холбоотой албан ёсны эх сурвалжаас тодруулга, мэдээлэл өгөх зүйтэй гэж бодож байна.
Иргэн О.Осоржамаад холбогдох асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн О.Осоржамаа нь дөрөвдүгээр сарын 14-ны өдөр гэрээс нь зурагт гэх мэт эд зүйлс алга болсон талаар гомдол, мэдээлэл гаргасан. Хэрэгт холбогдож буй 48 настай иргэн Ц-г шалгаж байгаа. Хууль, журмын дагуу хэрэг шийдвэрлэгдэнэ.
Цагдаатай холбоотой асуудлуудад албаны шалгалт хийнэ. Албан шалгалтын дүн гарсны дараа эх сурвалжаас баттай мэдээлэл өгнө” гэв.