Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээх асуудлаар мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан “2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр илэрсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргасан билээ.
Цар тахалтай холбогдуулан бүх тушаал, шийдвэрийг УОК-ийн Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ, ОБЕГ-ийн газрын хамтарсан судалгаа, тооцоонд үндэслэн гаргаж байна. Иймд холбогдох байгууллагуудын судалгаа, шийдвэрээр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас нээхээр боллоо.
Цар тахлын аюул гэдэг гэнэт гарч ирдэг учраас халдварыг дотооддоо тараахгүй байх зорилгоор бүх иргэд хичээж байгаа нь сайшаалтай байна. Хорио, цээрийн дэглэмийг үргэлжүүлэн сайтар сахихыг ард иргэдээс хүсэж байна” гэв.
УОК-ийн дөрөвдүгээр сарын 21-ны шуурхай хуралдаанаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, галт тэргээр зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргаад байсан юм.