Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрээр арав давж Улсын шинэ аварга болсон.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.
Энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм. Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.
Улсын аварга О.Хангай “Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” хэмээлээ.