Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод буй Франц улсын сургуулиуд ирэх тавдугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болжээ. Ингэхдээ гэртээ компьютер, интернэтгүй, зайнаас суралцах боломжгүй сурагчид уламжлалт танхимын сургалтдаа түрүүлж шилжих аж.
Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байгаа билээ.Тэгвэл хүүхэд бүр гэртээ компьютер интернэт байхгүй гэх дээрх шалтгааны улмаас зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байна хэмээн Европын хэвлэл мэдээллүүд онцлон тэмдэглэжээ. Тиймээс Франц улс цар тахлын аюултай нөхцөл байдлыг үл харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Die Welt сонины ерөнхий редактор Ульф Поршардт:
“Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. ... Ковид-19 биднийг болон нөхцөл байдлыг төвөгтэй байдалд оруулж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарлахын тулд бидэнд бололцооны боловсролтой нийгмийн гишүүд хэрэгтэй. ... Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.
Литвийн Вильнюсийн их сургуулийн профессор Наталия Арлаускайте дотоодын өдөр тутмын сонинд гурван долоо хоног хэрэгжиж буй зайны сургалт нь зайны сургалтын талаар төсөөлж, бодож байсан бүх зүйл худал хуурмаг байсныг баталж байгаа талаар дурдахдаа:
“Эхний ээлжинд багшид ч, сурагчид ч юуны өмнө боломжийн нөхцөл, гэрэлтүүлэг, хурдан интернет байх ёстой юм байна. Боломжийн нөхцөл гэдэгт олон хүчин зүйлийг ойлгож болно, тухайлбал ажил хийх өөрийн булантай байхаас эхлээд өөрийн өрөөтэй байх гм. Гэвч, ихэнх багш, оюутнуудын хувьд энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй байдалд байна. ... Цахим сургалт хуурмаг зүйл байсныг бид хурдан ойлгож авлаа (ойлгож авсан нь ч сайн хэрэг боллоо) хэмээсэн байна.
Харин Испани улсын хувьд зайн сургалтыг сар гаруй хугацаанд хэрэгжүүлж байна. 6 дугаар сар хүртэл үргэлжлэх улирлын дүнг өмнө нь дүн гаргаж байсан зарчмаар гаргах болсон нь нийгмийн давхаргын ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна гэж Испанийн сурагчдын холбооны тэргүүн Кораль Латорре өөрийн саналаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам