Нийслэлийн Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өчигдөр /2020.04.22/ 23 цагийн орчимд хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл ирэх даваа гарагт уг замыг нээх юм байна.
Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт нь засварлах шаардлагатай байгаа учраас Нийслэлийн авто замын газраас засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.
Засварлаж буй замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагийн 10 цагт нээхээр ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөний ачаалал бууруулах зохицуулалтыг хийхээр БГД-ийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид нэмэлтээр ажиллаж байна.