Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай тоосгон 15 гаражийг өнөөдөр буулгаж, газар чөлөөлөлт хийлээ. Ингэснээр тухайн хэсэгт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлгийн барилга барихаар төлөвлөжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт бий. Үүний хүрээнд 2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь эхлээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Гэхдээ мэдэгдэл хүргүүлснээр иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил газар чөлөөсний маргаашнаас эхлэн явагдана” гэв.
Чингэлтэй дүүргийн II хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Буянтогтох “Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III хорооны иргэд I хорооны харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч, шинжилгээ өгдөг. Тиймээс манай хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих болсон нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм” хэмээлээ.
Энэ онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гараж барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжийн хүрээнд 90 байршилд 141 объект чөлөөлжээ. Мөн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамжаар 150 байршилд 170 объект чөлөөлж, 240 байршилд зөрчил арилгуулж, нийт 311 объект чөлөөлсөн байна. Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 м2 газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м2 талбай чөлөөлж, тохижилтын ажил хийх боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс