Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ҮХЦ улс төрийн нөлөөгүйгээр, хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж сонгуулийн тухай хууль буюу сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог Монгол Улс цаашдаа сонгуулиуддаа ашиглах боломж нээгдсэн юм. Тэгвэл бид үүнтэй холбогдуулан ҮХЦ-д уг асуудлаар мэдээлэл гаргаж, маргаан үүсгэсэн УИХ-ын гишүүн Т.Доржхандтай Цэцийн шийдвэр болон ҮХНӨ-тэй холбоотой зарим асуудлуудаар ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой маргаан ҮХЦ дээр эцэслэгдэж байна. Мэдээлэл гаргасан иргэний хувьд сонгуулийн тогтолцооны асуудал болон ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, сүүлийн арав гаруй жил монголчуудын дунд маргаантай байсан сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдлээ. Цэц маргаантай байсан энэ асуудлыг шийдвэрлэсэнд хувьдаа олзуурхаж байгаа. Энэ бол Монгол Улс сонгуулиа явуулахдаа пропорциональ юм уу мажоритар элементээр явуулдаг байх юм уу гэдэг асуудал. Та бүхэн санаж байгаа бол найман удаа сонгууль хийхэд 7 удаа мажоритар хэлбэрээр сонгууль явуулсан. Ганцхан 2012-2016 онд пропорциональ элемент оруулж холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байсан.

Үүнийгээ Цэц, иргэд шууд сонгоно гэдэг чинь мажоритар сонгууль. Өөрөөр хэлбэл, иргэд хүнээ сонгоно хэмээн буруу тайлбарлаж явсаар байгаад Монгол Улс тогтолцооны хямралд орчихсон.

Үр дүнд нь хууль тогтоох дээд байгууллага нь тойргийн парламент болчихсон. Мөн жалга довны асуудал ярьдаг парламент болчихоод байна. Тойргоо л санхүүжүүлж байвал бусад нь хамаагүй гэж явсаар байгаад Монгол Улс маш их өртэй, эдийн засаг нь хүнд, томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлж чаддаггүй, эдийн засагт үр өгөөжтэй төслүүдээ хөдөлгөж чадахгүй байдалтай байна. Тиймээс өнөөдрийн шийдвэрийн үр дүнд энэ нөхцөл байдал арилж байгаа. Одооноос эхлээд сонгуулийн тогтолцоотой холбоотой маргаан нэг талдаа 100 хувь шийдэгдэж байна гэсэн үг.

Хэрвээ энэ шийдвэрийг өөрчилнө гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж л өөрчлөх боломжтой. Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд санал гээгддэг байдал үгүй болно. Тухайлбал, өнөөдөр эрх барьж байгаа нам сонгогчдын 42 хувийн саналыг авсан боловч парламентын 80-аас дээш хувийг бүрдүүлж байна. Ийм шударга бус ялагч бүх “өрөм”-ийг авч байна. Гэтэл цаад талд нь 500 гаруй мянган иргэний санал гээгдчихсэн байна. Энэ агуулгаараа иргэдийн санал үр дүнгүй болбол сонгууль өгөхөө болино. Сонгуулийн ирц хүрэхгүй бол ардчилал устдаг. Хэрвээ ардчилал үгүй болбол нэг хүний засаглал, нэг намын дарангуйлал руу шууд шилждэг. Энэ бол дэлхийн муу түүхүүдийн нэг. Тиймээс бид үүнийг сонгуулийн тогтолцоогоор засах шаардлагатай байсныг ҮХЦ засаж, залруулж чадсан.

-2016 онд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг дэмжихгүй гэж шийдээд, үүнийг нь УИХ хүлээж авч байсан. Энэ удаагийн Их суудлын хуралдаанд нийт хэдэн гишүүн оролцсон. Үүнээс хэдэн гишүүн нь энэ агуулгыг дэмжсэн бэ?

-Их суудлын хуралдаан 9 гишүүнээс бүрддэг. Цэцийн үдээс өмнөх хуралдаан нэлээн халуун мэтгэлцээн дунд болж өрнөсөн. Дараа нь үдээс хойш Их суудлаас гаргасан дүгнэлтийг танилцуулах процесс болсон. Одоогоор шийдвэр нь хараахан албажаагүй байна. Ер нь ҮХЦ-ийн Их суудлын хуралд оролцсон гишүүдээс хэд нь тухай мэдээллийг дэмжсэн, дэмжээгүй гэдгийг нээлттэй зарлах хориотой. Шийдвэр гаргалт нь нууц байдаг юм билээ.

-Цэцийн хэдэн гишүүн нь уг асуудлыг дэмжсэн гэдгийг сонирхоод байгаа нь магадгүй дараагийн удаад Цэц дээрээ байгаа “Давхар дээл”-тэй холбоотой мэдээллийг энэ асуудал шиг хэлэлцээд шийдвэрлэх вий гэх хардлага улс төрийн хүрээнийхэн дунд байна. Хэрвээ тэгвэл ҮХНӨ-ийн асуудал зогсонги байдалд орох магадлалтай юм биш үү?

-ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан сонгуулийн пропорциональ тогтолцооны тухай гэх нэг л асуудлыг хэлэлцсэн. Хуульч Д.Үүрцайх болон миний бие хамтраад иргэний хувиар сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Яг энэ асуудалтай холбоотойгоор өөр иргэд Цэцэд ямар нэгэн мэдээлэл гаргах боломжгүй. Яагаад гэвэл Их суудлын хуралдаан бол эцсийн шийдвэр. Энийг өөрчлөх ганцхан боломж нь ҮХНӨ юм.

Харин “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар иргэд хүний эрх зөрчсөн гээд мэдээлэл гаргаад явах боломжтой. Цэц мэдээлэл гаргасан яг тухайн асуудлын хүрээнд л асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, би өнөөдөр пропорционалиас гадна парламентын ардчиллын талаар хэлэхэд “тухайн хэлэлцэж байгаа асуудлаар л ярина” гээд хязгаарлачихаж байсан. Би зөвхөн хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотой нэмэлт тайлбаруудыг л өнөөдөр өгсөн.

Гэрэл зургийг mpa.mn

-ҮХЦ-ийг хэн нэгэн улстөрчийн, нам хүчний талд шийдвэр гаргаж байна гэж ихээхэн шүүмжилдэг. Сонгуультай холбоотой энэ асуудлаар хүртэл ҮХЦ өөр хоорондоо зөрчилтэй дөрвөн өөр дүгнэлт, шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Өмнөх сонгуулийн тогтолцоотой холбоотой пропорциональ элемент нь байна, байхгүй. Эсвэл мажоритар нь зөв, буруу гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан нь үнэн. Энэ ойлгомжгүй байдал нь нийгэмд тодорхойгүй байдал үүсгээд байхад л эрх баригчид үүнийг нь сонгуульд хэрэглээд явсан байна. Ялангуяа 2012-2016 онд пропорциональ элементийг оруулсан атлаа 2016 оны сонгуулийн өмнө ҮХЦ шийдвэр гаргаад үүнээсээ ухарсан нь бодитой үнэн.

Иргэд, хууль тогтоогчид хүртэл пропорциональ элементийг хэрэглэх боломжгүй гэдэг ойлголттой явж ирлээ. Үнэн хэрэгтээ одоог хүртэл холимог тогтолцоог хэрэглэх боломжтой байсан юм шүү.

Өнөөдөр ҮХЦ-ийн гишүүд энэ нөхцөл байдлыг ойлгож байна. Үүнийг тодорхой болгохын тулд энэ асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэр бол хэнээс ч хараат бусаар гарсан гэж ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл, ямар нэгэн улс төрийн нөлөө орохгүйгээр шийдвэр гаргалаа гэсэн дүгнэлттэй байна. Улс төрд байгаа, мөн сүүлийн гучин жилд улс төрийн эрх мэдэлд байгаагүй, улс төрд суудалтай намыг төлөөлж буй хүний хувьд болон иргэн хүний хувиар. Мөн судлаачид төлөөллүүд бидний хувьд харж буй өнцөг бол өнөөдрийн шийдвэр бол зарчим дээрээ бат зогссон шийдвэр гэж харж байна.

Өмнөх нь тухайн үеийн хуулиндаа тохирсон процессын шийдвэрүүд гарч ирээд байсан. Гэтэл өмнөх сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр биш болчихсон, 2019 онд цоо шинэ Үндсэн хуулийн орчин бий болчихсон ийм байгаа тохиолдолд энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэж маргаан үүсгэсэн. Цэцийн шийдвэр ардчилал, иргэдийн сонголтоо хийх итгэл үнэмшлийн талд гарсан гэдэг итгэл үнэмшилтэй байна.

-ҮХЦ-ийн шийдвэр томилгооноосоо эхлээд л улс төр дагуулдаг. Магадгүй шийдвэрүүд нь хүртэл улс төрийн хамааралтай гардаг байх. Энэ утгаараа улс төрийн хүрээнийхэн тогтолцооны асуудлыг Цэц шийдэж байгаа юм чинь удахгүй “давхар дээл”-ний асуудлыг ч гэсэн шийдчих байх гэж хардаад эхэллээ. Хэрвээ ингэвэл цаг хугацааны хайчинд байгаа ҮХНӨ явахгүй байх вий гэх болгоомжлол байна?

-Зөв, зөв. Тийм болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэдийн дийлэнх нь дэмжиж байна гэсэн мэдээллүүд л ирж байна. Би Төрийн байгуулалтын байнгын хороо дээр байгуулагдсан ҮХНӨ-тэй холбоотой ажлын хэсгийн гишүүн. Нэгэнт иргэд нь ҮХНӨ-ийг дэмжиж байгаа нөхцөлд эрх барьж байгаа нам, сөрөг хүчин нь хичнээн улс төрийн үйл ажиллагаа явуулаад нэмэргүй л гэж харж байна. Ер нь бол бодит байдал дээр боломжгүй байх.

-Их суудлын шийдвэр эцсийн шийдвэр. Хэрвээ тогтолцоог өөрчлөх бол ҮХНӨ-ийг хийсэн нөхцөлд л дахиж ярих нөхцөл байдал үүслээ. Тэгвэл нэгэнт ийм нөхцөл байдал үүсчихээд байхад заавал тогтолцооны өөрчлөлтийг одоо ярьж байгаа ҮХНӨ руу оруулах шаардлага байгаа юу. Сонгуулийн хуулиндаа тусгаад явах боломжтой?

-ҮХНӨ-өөр бидний хүсээд байгаа зүйл нь юу вэ гэхээр “холимог систем, үүндээ дор хаяж 50 хувийг нь пропорциональ элементээр явуулах нь зүйтэй” гэдэг үгийг Үндсэн хуульдаа бичих. Ингэсэн тохиолдолд санал нь гээгддэггүй, иргэдэд ойлгомжтой, сонгуулийн өмнө оргинак хуулиараа эрх баригчид өөртөө ашигтай хувилбарыг нь сонгож байгаад ялдаг дүрмийн тогтолцоо арилах болно. Энэ агуулгаараа бид уг асуудлыг Үндсэн хуульдаа тусгаад “цоожлоод” өгчихье л гээд байгаа юм. Иргэдийн сонгосон хүн нь төрд байхгүй байхаар сонгогчид сонгуулиас дайжих хөдөлгөөн явж байна шүү дээ.

-ҮХНӨ яригдаж байгаа энэ цаг үед нам байгуулах босгыг өндөр тогтоосныг өөрчлөх асуудал яригдаж байна. ХҮН-ын даргын хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бидний ҮХНӨ-ийг хийх шаардлагын хамгийн гол хэсгүүдийн нэг нь энэ. Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийн нэг хувь буюу 23 мянган иргэдээр гарын үсэг зуруулж байж нам байгуулдаг хязгаарлалт бол дэлхийд ч байдаггүй өндөр босго. Үр дүнд нь Монголд дахиж улс төрийн нам шинээр үүсгэн байгуулагдах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, нэг, хоёр намын тогтолцоо руу л биднийг шахаж байна. Гэтэл 1992 оны ардчилсан Үндсэн хуульд Монгол Улс бол парламентын засаглалтай бүгд найрамдах улс байна гээд зарлачихсан. Энэ нь олон намын тогтолцоотой, олон ургалч байдлыг хүлээн зөвшөөрсөн парламент бүхий улс байна гэсэн үг. Үндсэн хуулиараа ингээд заачихсан учраас нам байгуулах өндөр босгыг засах ёстой, залруулах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Үүнийг одоо яригдаж байгаа ҮНХӨ-ийн хүрээнд өөрчлөх ёстой. УИХ-ын гишүүд болон бусад намын төлөөллүүд ч бүгд дэмжээд явж буй асуудал.

-Ярилцсанд баярлалаа

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 30 хэм дулаан байна
Улаанбаатарт 30 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.