Цар тахал дэгдэж, дэлхий нийтийг “хөдөлгөөнд” оруулсанаас хойш даруй гурван жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсад 928 мянга 634 хүн халдвар авч, үүнээс 2118 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон үзүүлэлт байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 17 удаа сунгаж байсан манай улс өнөөдөр ШАР түвшинд шилжээд буй.
Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол ч эрс буурч, Монгол Улс коронавируст халдварыг хяналтдаа авч чадсан хэмээн дэлхий нийтэд зарлаад байна. Иймдээ ч өнгөрсөн хугацаанд халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг шат дараатай үргэлжлүүлсээр ирсэн. Өнөөдөр ч дархлаажуулалт үргэлжилж байна. Харин сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын эсрэг 5-11 настнуудыг вакцинжуулах эхний ээлжийн вакцин орж ирсэн талаар мэдээллүүд гарч эхлээд буй.
-ХӨСҮТ: 5-11 насныхныг вакцинжуулах эхний ээлжийн 300 мянган тун ирсэн-
Өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн “SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинарын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Манай улс Ковид-19 халдварын давлагаа болгоноос өрсөж, вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Засгийн газар дөрвөн төрлийн эх үүсвэрээс дөрвөн төрлийн вакциныг татаж авсан. Нийт 8.3 сая хүн тун вакцины татан авалтыг хийсэн байдаг юм байна. Бидэнд одоо хоёр төрлийн вакцины нөөц байгаа. Эхний ээлжид хүүхдийн вакцины 300,000 тун ирсэн" гэсэн юм.
Одоогийн байдлаар орж ирээд буй 300 мянган тун нь 150 мянган хүүхдийг хоёр тунгаар вакцинжуулах хэмжээний вакцин гэсэн үг юм.
-О.Батбаяр: Файзер компанийн судалгаа 5-11 насныхны вакцин ҮР ДҮНТЭЙГ нотолсон-
Вакцин орж ирсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд дунд эргэлзээтэй олон асуултууд урган гарч байна. Тухайлбал, вакцины олон улсад судлагдсан байдал, үр дүн, хамруулах хэрэгтэй эсэх гэх мэт. Тэгвэл бид энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад “АНУ 2021 оны арваннэгдүгээр дүгээр сараас 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Ингэхдээ 5-11 насны хүүхдийн дунд халдварын өвчлөл ба хүндрэл нэмэгдэж буй тул үүнээс шалтгаалан хийж эхэлсэн байдаг. Файзер компанийн судалгаа вакцин үр дүнтэйг нотолсон. Тухайлбал, АНУ-д 5-11 насны 19 сая хүүхэд байдаг байна. Одоогийн байдлаар тус улсын 5-11 насны хүүхдийн 40 гаруй хувь нь бүрэн тунгаа аваад байгаа. Энэ нь ойролцоогоор 8 сая хүүхэд тус вакциныг хийлгээд байгаа гэсэн үг” гэв.
-Эрүүл мэндийн сайдын тушаал гарсаны дараа 5-11 насныхныг вакцинд хамруулах эсэх нь АЛБАЖИНА-
Тэгвэл вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ. Юун түрүүнд хүүхдийн вакциныг хэрэглэх асуудлаар дархлаажуулалтын үндэсний хороо хуралдаад байгаа аж. Дараагаар Эмийн зөвлөл хуралдаж, эцсийн байдлаар ЭМ-ийн сайдын тушаал гарсаны дараагаар вакциныг хийх эсэх асуудал албажих юм.
Вакцинд хамруулах бүлэг нь бага насны хүүхдүүд тул бэлтгэл ажлыг хангах нь чухал. Иймд вакциныг хэзээ, хаана, хэрхэн хийх талаар тодорхой журмууд батлагдсаны дараагаар эрүүл мэндийн ажилчдыг тодорхой сургалтуудад хамруулах аж.
Бидэнд байгаа мэдээллээр, 5-11 настнуудыг вакцинжуулах асуудлаар Эмийн зөвлөл энэ долоо хоногт хуралдах товтой байгаа аж.
-Вакцины тариур орж ирээгүй байна-
Дархлаажуулалтын ажил идэвхтэй үргэлжилж байх үед манай улсад Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБ болон Ковакс хөтөлбөр гэх мэт тусламжаар нэлээдгүй тун вакциныг хүлээн авч, иргэдээ вакцинжуулж байв. Тэгвэл одоогоор орж ирээд буй хүүхдийн вакциныг ДЭМБ-аас Монгол Улсад ирүүлжээ.
Дэлхийн 130 гаруй оронд хэрэглэж буй хүүхдийн вакциныг дотооддоо хэрэглэж эхлэх эсэх асуудал одоогоор албажаагүй байгаа болж таарав. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт авсан мэдээллээр вакцины тариур орж ирээгүй байгаа аж.
-12-17 насны 240 мянга 239 хүүхэд вакцинд хамрагджээ-
Монгол Улс 12-17 насны хүүхдүүдээ өнгөрөгч оны зургаадугаар сараас хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 71, 16-17 насны хүүхдүүдийн 87 хувь нь Файзер вакцины хоёр тунд хамрагдаад байгаа билээ. Тодруулбал, 12-17 насны 240,239 хүүхэд вакцинд хамрагдаад байна.
Вакцинд хамрагдсан 12-17 насны хүүхдүүдийн тоон үзүүлэлтийг дараах инфографикаас харж болно
Коронавируст халдварын тохиолдлын тоо 0 болтлоо буураагүй цагт бид вакцинд хамрагдаагүй хэсгийн хүн ам халдварын эрсдэл дунд хэвээр байна гэсэн үг. Иймдээ ч дэлхийн улс орнууд дархлаа сэргээх нэмэлт тунг чухалд тооцож байгаа юм.