Энэ сарын 23-26-ны өдрүүдэд ЭЕШ болж өнгөрлөө. ЭЕШ-ын үеэр харандаа бал дутсан, асуулт нь намтай холбоотой байсан, шалгалтын өмнө асуулт нь задарсан зэрэг асуудлууд гарсан юм.
Тиймээс энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.
-Зургаадугаар сарын 25-ны өдөр математикийн шалгалтын явцад асуудал үүссэн. Зарим нэг сурагч утас нууж авч орохыг завдсан. Үүдэнд нь металл илрүүлэгчээр шалгаж байсан боловч хүүхдүүд гутлынхаа ул зэрэг илрүүлэх боломжгүй газар нууж авч орж, улмаар шалгалтынхаа материалыг зургийг авч өөр хэн нэгэн рүү явуулсан асуудал гарсан. Тиймээс тухайн шалгуулагчийн дүн оноог хүчингүй болгосон.
Гэтэл уг асуудлыг шалгалтын материал задарсан мэтээр цахим хуудсанд тавьсан байна лээ. Бид ТЕГ-тай хамтран ажилладаг. Сэдэв зохиож байгаа багш нар цагдаагийн хамгаалалт дор ямар ч утас интернэтгүй, сар гаруйн хугацаанд бэлддэг байгаа.
Сүүлийн шалгалт дууссаны дараа утсаа авч, камертай өрөөнөөсөө гардаг. Энэ олон хүний хөдөлмөр гаргаж буй ажлыг худал мэдээлэл тарааж, нурааж болохгүй. Материал задрах ямар ч боломжгүй.
-26, 28 хүүхдийн дунд 2 харандаа, баллуур өгсөн. Харандаа нь хүрэлцэхгүй хугарсан. Үүнээс болж хүүхдүүд сэтгэлзүйн хувьд шалгалт өгөхөд нь хүндрэлтэй байсан гэх асуудал ч яригдаж байна?
-Нийт 36253 шалгуулагчийг 49 байранд хуваарь гарган авсан. Хүүхдүүдийн тоогоор харандаа, баллуур, үзүүрлэгчийн өгсөн. Дунд нь өгсөн зүйл байхгүй. Шалгуулагчдын өгсөн өргөдөл дунд харандаанаас болж асуудал үүссэн гэсэн гомдол гараагүй байна.
-Харандаа баллуурыг яагаад цаанаас нь өгдөг юм бол. Өөрсдөө бэлдээд авч болохгүй юу?
-Сүүлийн 4-5 жилийн хугацаанд харандаа баллуурыг нь өгөөд явж байна. Учир нь шууд машин нь таньж уншдаг. Хамгийн их гомдол гарч буй математикийн хичээлд 31 хүүхэд 800 оноо авсан. Орос хэлний хичээлд 67 хүүхэд 800, газарзүйн хичээлд 1 хүүхэд 800 оноо авсан. Бүгд л цаанаас олгогдсон харандааг хэрэглэсэн.
-Жил бүр шалгалтын материал задарсан гэх асуудал гардаг?
-Хүмүүсийн хардлага л юм. Манайх жил бүр цагдаа болон ТЕГ-ын хамгаалалт дор бэлддэг.
-Материал өмнө нь задраагүй. Хүүхэд сураг авсан гэсэн. Үүнийг хэрхэн яаж батлах вэ?
-Цахим орчимд тавьсан зургийг харахад шалгалтын дэвтэрийн ард хариултын хуудасны булан цухуйж байгаа. Харандаа нь байгаа. Бар код наачихсан байгаа.
-Нийт хэчнээн хүүхэд гомдол гаргаад байна вэ?
-Нийт 300 гаруй хүүхдийн өргөдөл ирсэн. Шийдээд явж байгаа.