Урин дулааны цаг ирж, хаа сайгүй бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Улмаар хөдөлмөр аюулгүй байдал хангаагүйгээс хүн нас барах, бэртэж гэмтэх тохиолдол буурахгүй байна. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан дуудлага онцгой байдлын албанд өчигдөр иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай гарч 6 км зам туулан очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан 24 настай Д, 18 настай Э нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байсан аж. Тэдний цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.