Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МБХ: Мөнгөний бодлогын хүүг дахин нэмэгдүүлж 10 хувьд хүргэлээ

Огноо
Унших
3 минут 39 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурал боллоо. Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Эргэн сануулахад Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргээд байсан юм. Тухайн үед эдийн засагчдын зүгээс энэхүү шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандсан. Гэтэл өнөөдрийн /2022.06.22/ хурлаар дахин 1 нэгж хувиар нэмэгдүүлж, ийнхүү мөнгөний бодлогын хүү 10 хувь болж байна.

Мөнгөний бодлогын хорооноос дараах дараах тайлбарыг үндэслэн Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа аж.

"Жилийн инфляц 2022 оны эхний 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарсан. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо.

Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны 1 дүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна.

Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.

Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ".

Осол болж, хоёр хүний аминд хүрсэн барилга “Номинреалтор” ХХК-ийнх байжээ
Осол болж, хоёр хүний аминд хүрсэн барилга “Номинреалтор” ХХК-ийнх байжээ
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.