ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гараад буй. Тодруулбал, ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх дуудлага өнөөдөр 12.52 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байдаг. Дуудлагын дагуу онцгойгийн албан хаагчдыг очиход 36 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй Б нар нас барсан байсан аж.
Хэдийгээр эмнэлгийн түргэн тусламж ирэхэд хохирогчид хэдийн амьсгал хураасан байжээ.
Биднийг ослын газарт очиход осол болсон газрыг хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байсан. Мөн хохирогчдын ар гэрийнхнийг нэвтрүүлэхгүй гадаа 4-5 цаг зогсоосон бөгөөд эцэст нь ар гэрийнхнийх нь төлөөллөөс оруулсан юм.
Компанийн зүгээс болон хохирогчдын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Харин хэргийн газар байсан садангийн хүн нь "20 настай залууг тус барилгад цагийн ажилтан хийдэг байсан. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Тэгвэл тус барилга нь “Номинреалтор” ХХК-ийнх байжээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа тус компанид 69.944 мкв олгож, түүн дээр нь худалдаа, үйлчилгээний зориулалттай орон сууц барьж байсан аж.
Гүйцэтгэх захирлаар нь Н.Шинэбаяр гэх хүн бүртгэлтэй. Харин эцсийн өмчлөгч нь "Номин Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхан байна.