Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шашны секуляризаци: Монголд шашны 9 урсгалын 350 гаруй сүм хийд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 22 секунд

 

Шашины социологи: Шашин нь хүн төрөлхтний түүхэн хөгжил, улс үндэстний өөрийн үнэт зүйлсийн хөгжилд хамгийн чухал байр суурь эзэлдэг оюуны үнэт зүйл юм. Шашин нь сүсэгтэн олныг ёс суртахууны нэгдмэл бүлэгт нэгтгэж байдаг "ариун нандин" зүйлстэй холбоотой сүсэг бишрэл, зан үйлийн систем гэж социологид тодорхойлдог. Өөрөөр хэлбэл социологийн шинжлэх ухаан шашныг нийгмийн институт, социал үзэгдэл болох талаас нь судалдаг байна.Шашин үндэстэн угсаатны ухамсар сэтгэхүйд маш гүн гүнзгий удаан хугацаанд шингэж чаддаг, түүхэн олон үйл явдал, түүхт хүмүүсийн үзэл суртал, үйл хөдлөлд "ухамсарлагдаагүй сэтгэхүй"-гээр хүртэл нөлөөлж чаддаг нийгмийн оюунжсан үнэт зүйлсийн систем болж чаддагаараа их онцлогтой. Шашин шүтлэг нь тухайн ард түмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм.
Шашныг авч үзэх социологийн хандлага нь ихээхэн хэмжээгээр социологийн сонгодог болох К.Маркс, Э.Дюркгейм, М.Веберийн үзэл санааны нөлөөн дор бүрэлджээ. Тэд бүгд л шашин бол өөрийн уг чанараараа хуурмаг үзэгдэл юм хэмээн үзэж байв. Шашны бий болгосон тэрхүү нөгөө ертөнц нь угтаа бол шашны билэгдлүүдийн шүүлтүүрээр дамжин гуйвуулагдсан бидний өөрсдийн ертөнц юм гэж тэд үзэж байжээ. /Э.Гидденс “Социологи” 398 тал/
Дэлхий нийт ба шашин: Өрнө, Дорнын нийлээд 4000 шахам “шашин” дэлхийд бий бөгөөд шашны урсгал бол дотроо культ, сект, деноминаци гэхчлэн салбарлан хөгжиж байдаг. Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Энэ үеэс л дэлхий дахины шашны секуляризаци эхэлсэн гэж ойлгож болно. XIX зууны эцсээр Ницше шашны нөлөө бараг л байхгүй шахам болтлоо багассаныг “Эзэн тэнгэр таалал төгссөн” гэсэн үгээр илэрхийлж байжээ.
Дэлхий нийтийг хамарсан шашин байдаггүй нь эхний том бэрхшээл юм. Технологиос ялгаатай нь шашин, улс төр хоёр тухайн улс орон, бүс нутгийг л ихэвчлэн хамардаг. Баруун Европ зэрэг зарим 6үс нутгуудад шашны нөлөө буурч, харин Орос, Афганистан болон Арабын ертөнцийн орнуудад өссөн дүр зураг ажиглагдаж эхэллээ. Айзаак Азимов, Жин Роденберри нарын шинжлэх ухааны зөгнөгчид шашнаас ангид дэлхий ертөнцийг тун ойрын ирээдуйн дүр төрх гэж бичсэн байдаг. Дэлхий ертөнц улам бур шашны бус замыг сонгож, боловсролтой хумуус нэмэгдсээр байна Бурхад маргааш өдөр нарыг тэнгэрт буцааж гаргах болов уу гэж иргэншсэн нийгмийнхэн санаа зовохоо больсон нь үнэн.
Насанд хүрсэн 10 хүн тутмын 6 нь дор хаяж сард нэг удаа сүм хийдэд очдог, тэдний бараг 40% нь долоо хоног тутам сүмд мөргөл үйлддэг байсан бол энэ байдал сүүлийн 50 жилийн турш 20% болтлоо өөрчлөгджээ. Ойрхи Дорнодын орнуудад ч эдийн засаг, боловсрол, улс төрийн шинэ өндөрлөгт хүрсэн учраас иргэдийнх нь амьдралд Исламын шашны нөлөө хүчгүй болж эхэллээ. Их Британийг хамарсан шашны уналтын хэлбэрүүд нь Франц, Итали, зэрэг католик орнуудыг оролцуулаад Өрнөд Европын дийлэх улс орнуудад түгээмэл болсон байна.


Секуляризаци буюу иргэнлэгжихүй: Энгийнээр тодорхойлбол нийгмийн амьдралын янз бүрийн салбарт шашин өөрийн нөлөөллөө алдаж буй үйл явц юм. Харин социологийн утгаараа ер бусын зүйлд бишрэх болон түүнтэй холбогдсон зан үйлд үл итгэх болж шашны байгууллага, шашины итгэл үнэмшил нийгмийн ач холбогдол, нөлөөгөө алдах үзэгдэл. /Н.Смейлзер “Социологи” Орч: Д.Нямдорж/ Секуляризацийг гурван түвшинд авч үзэж болно.
1. Шашны байгууллагууд дах гишүүнчлэл
2. Шашны байгууллагууд нөлөөлөл
3. Иргэдийн итгэл үнэмшил, шүтлэг, эрхэмлэл

Шашин Монголд: Гурван сая гаруйхан хүн амтай манай улсад бүртгvvлсэн будда, христ, ислам, бахай, бөө мөргөл, мүүн, протестант, католик, лалын шашны урсгал чиглэлийн 350 гаруй сvм, хийд ажиллаж байна. Түүнээс ихэнх нь буюу 130 орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Шашны байгууллагын дунд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл аваагvй 50 гаруй байгууллага байгааг холбогдох газраас мэдээлсэн. Сүүлийн жилvvдэд төрийн зохих шатны байгууллагаас зөвшөөрөл авч байгуулагдсан христийн сvм 90 гаруй байхад, буддын шашны дуган, дацан, сvм хийд 60-аар нэмэгджээ. Шашны эдгээр байгууллагын олонхи нь христийнх. Бүр тодруулбал, нийслэлд христийн сүм, цуглаан явуулдаг 67, буддын хийдийн тоо 46-д байдаг байна.

1. Шашны байгууллагууд дах гишүүнчлэл
Монголд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог нэгдсэн журам байдаггүй. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын ИТХ өөр өөрсдийн гаргасан журамтай л байхаас биш нэгдсэн юм гэж үгүй. Өөрөөр хэлбэл шашны харилцааг зохицуулсан төрийн бодлого алдагджээ. Үйл ажиллагаа явуулахыг нь гадаадын зарим улсад хориглосон, итгэл үнэмшлээсээ болж хоорондоо сөргөлдөж магадгүй ч гэмээр олон шашны урсгал манай улсад газар авсан байна. Шашны байгууллагууд гишүүнчлэл хөөцөлдөх нь Монголын нөхцөлд христийн шашинд илүү. Идэх уух, өмсөх зүүхээр хомс маргинал хэсгийхнийг элсүүлэн тархийг нь угаана, эсвэл дорой, өвчин зовлонтой нэгнийг үнэмштэл нь ярьж гишүүнээр элсүүлнэ. Гэхдээ энэ тоо нэг шашны сектэд 500-1000 байдаг юм байна. НИТХ-ын журмын 2.12-т тухайн дүүрэг, хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын байршил, лам, санваартан нарын үнэмлэхүй тоог харгалзан зөвшөөрөл олгоно хэмээсэн нь тун ойлгомжгүй заалт ажээ.

2. Шашны байгууллагуудын нөлөөлөл:
Манай шашинд ч бусад аливаа шашны адил социологийн хэллэгээр бол маш олон урсгал, сект, культ, деноминаци байдаг. НИТХ 1994 оноос хойш буддын 64, христийн 90, бөөгийн шашны зургаан байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Түүнээс 28 нь л жил бүр зөвшөөрлөө сунгуулдаг, бусад нь НИТХ-аас гаргасан журмыг зөрчиж иржээ. Ингэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой байна. Төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд төр өөрөө хяналт ч тавьж чаддаггүй. Шашны асуудал эмзэг хэдий ч түүнээс гарах үр дагавар нь маш ноцтой байдаг. Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хавтгайруулж олгосон, түүний хойноос тавьдаг хяналт алдагдсанаас итгэл үнэмшлээсээ болж хүмүүсийн дунд ямар нэгэн сөргөлдөөн үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнчилэн зохих газраас огт зөвшөөрөл аваагүй шашны 40 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас үзэхэд НИТХ-ын дэргэдэх шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг ямархуу ажиллаж байгаа нь илт. Судлаач Д.Ганхуяг “Монголд төр байдаг бол орж ирж байгаа шашны урсгал, чиглэлийг судлаад нийгэм болон хувь хүнд хор хохирол учруулж, ганцаардуулдаг, бас аюултай үйлдэл хийдгийг нь зарлах, хаах, оруулахгүй байх гэх мэтийн олон арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн бичжээ /Д.Ганхуяг МОНГОЛ ШАШИН/.

3. Иргэдийн итгэл үнэмшил, шүтлэг, эрхэмлэл
1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь өөрсдийгөө буддист гэж тооцдог байжээ. Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм.
Христосийн шашинтай 5 хувь, лалын шашинтай 3 хувь, бөө мөргөл шүтдэг 5 орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагддагүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэж аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл мухар сүсэгтэн. /Баабар Шашны өмөөрөхүй-3/

Секуляризаци 1: Шинжлэх ухааны хөгжил
“Шашин, шинжлэх ухаан хоёр тулгарах бүрийд жам юм шиг хэдэн үр дагавар гарна. Эхлээд тэд бие биенээ хүчтэй эсэргүүцдэг. Шинжлэх ухаан болохоор шашны "бурангуй мухар сүсгийг" өөрчлөх тухай ярина, шашин болохоор шинжлэх ухааны "бурхнаа гээсэн хүнлэг үзлийг буруушаана”. Энэ хоёр бие биенээ дайсагнан уулзах ба энэ сөргөлдөөн нэлээд удаан үргэлжилнэ. Яваандаа тэд хүлээцтэй болж, бие биенээ хулээн зөвшөөрч, харилцан тус дэм болж эхэлнэ. Дээрх маргаанд шинжлэх ухаан шашныг дийлэх нь цаг хугацааны асуудал мөн бөгөөд тэр цаг хугацаа нэгэнт болжээ.
Социологийн шинжлэх ухаан шашныг зарим тохиолдолд эерэг нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Канадад хийсэн нэг судалгаагаар сүмд явдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол цаг зав, хөрөнгө мөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах нь их байдаг ажээ. Мэрилэндийн Эруул Мэндийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хоригдож байх үедээ Библийн сургалтад хамрагдаж байсан хоригдлууд дахин гэмт хэрэг уйлдэх нь эрс бага байдгийг тогтоожээ. Колумбийн их сургуулийн судлаачид эцэг эхээрээ шашны зан уйл, өв уламжлалыг заалгасан хүүхдүүд бусад хүүхдийг бодвол сэтгэл зүйн дарамтад орох эрсдэл багатай байдгииг олж мэдсэн байна. Шинжлэх ухаан иймэрхүү хэлбэрээр шашны ач холбогдлыг таниуж байгаа боловч өнөөдөр шашны секуляризацийн эхний шалтгаан яахын аргагүй шинжлэх ухааны хөгжил дэвшил болж байна.

Секуляризаци 2: Итгэл үнэмшлийн бууралт
Олон улсын улс төрийн харилцаанд соёлын асуудал нөлөөтэй хэвээр байгаа. Исламын ертөнцийн улс төрийн шийдлүүд шашны итгэл үнэмшил дээр суурилдаг боловч террорист ажиллагаанууд 2000 оны үеийнхээс даруй багассан байдалтай байна. Хинду шашны кастын систем Энэтхэгт мэдэгдэхүйц нөлөөтэй хэвээр байгаа ч сүсэлэгчдийн тоо үнэмлэхүй буурсан мэдээ “Communications Point” сонинд нийтлэгджээ. Ливан, Ирланд, Индонези, Босни, Судан, Израйльд болж буй мөргөлдөөнүүд шашны гэхээсээ угсаатны болон улс төрийн нөлөөний үзэл санааны сөргөлдөөнөөс эх авч байна.

Секуляризаци 3: Төрийн оролцоо
Ойрын хорь гучаад жилд төр засгийн газрууд шашны асуудалтай холбогдогдох нь багассан гэж үзэх үндэстэй. "Гадны" шашны бүлгүүдэд шашны эрх чөлөөг хэр их олгох талаар шийдэхийг чармайж буй орнуудын тоонд Орос, Израйль, мөн манай улс орно. АНУ-д л гэхэд шоронд шашны эрх чөлөөг хязгаарлах хуулийг хэлэлцсэн байна. Хятад, Саудын арабын засгийн газрууд шашныг бүрэн хянахыг оролдож байна. Хувь хүний шашны эрх чөлөөг хязгаарлаж хэзээ ч болохгүйг дэлхийн тэрүүд ойлгож шашны асуудалтай зууралдахаасаа аль болох зайлсхийж эхэллээ.

Секуляризаци 4: Холимог сүсэг бишрэл
Хүмүүс, сүсэг бишрэлүүд дэлхий даяар зэрэгцэн оршиж, харилцаа холбооны систем газар зүйн хил хязгаарыг гэтлэх боломжтой болохоос гадна шашинд гарч буй нэг чухал хандлага бол шашны синкретизм юм. Энэ нь өөрийн шашинд бусад шашнаас янз бүрийн хэсгүүдийг авч холихыг хэлдэг. Хэн нэгэн хүнд хамаг амьтны тусын тулд залбирдаг буддагийн номлол, сахиусан тэнгэрүүдийн тухай католик итгэл үнэмшил, гэр бүлийн ач холбогдлыг онцолж үздэг мормоны үзэл санаа, лютериан сүмийн ёслол уламжлалууд ямар нэгэн байдлаар хоорондоо авцалдах, холилдох болсоныг олон нийтийг төөрөгдүүлж шашны итгэл үнэмшлээ алдахад хүргэж байгаа юм.

Секуляризаци 5: Индивидуализм ба түүний үр нөлөө
Өндөр хөгжсөн орны нийгэм ихээхэн тархай бутархай, индивидуал, нийгмийн уламжлалт хэлбэрүүдээс холдсон хэлбэртэй болж байна. Урьд нь хүмүүс нэг сүмдээ олон жилийн турш явж, ажлын том талбар дээр албан тушаал ахиж, баяр тэмдэглэх хөршүүдийн хаалттай ёслолд оролцож иржээ. Харин одоо бид гэр орноо байнга л нүүлгэж, компьютер, видео тоглоомоор найз нөхдөө орлуулж, гэртээ ажиллаж, дуртай цагтаа ажлаа хийж, компаниа ойр ойрхон сольдог болов. Ийм өөрчлөлтийн дунд нийгэм, хамтлагийг хадгалж байх хэцүү болсон учир өндөр хөгжсөн орны иргэд зөвхөн өөрийгөө л анхаардаг болжээ. Энэ нь сүмийн олон гишүүд, гандангийн олон сүсэгтэнүүдээс иргэд дайжих эх сурвалж болж байна. Индивидуализм шашныг өөрчлөлт, иргэнлэгжихүйнд гол хүч болж эхэллээ.

Секуляризаци 6: Шашны хэлбэр хөөцөлдөх, шашны луйвар
Гэр бүлийн хэлхээ холбоо, сайн сайхан ирээдүйг амласан шашны өнгөц хэлбэрүүдэд хүмүүс их татагдаж байна. Шашин ашиглаж мөнгө олох, бохир бизнес эрхлэх явдал жил бүр өсч байна. Монголд л гэхэд бөөгийн, бурхны шашнаар бизнес хийж мөнгө олдог нь болсон хэн бүхэнд ил болж. Энэ нь шашны нэр хүндийг унагаж байгаа нэг хэлбэр юм.
Шашин цаашид дээрхи 6 гол секуляризацийн хүчин зүйлээр нийгэмд нөлөөлөх ба өнөөгийн монголчууд бидэнд ч мөн адил нөлөөлөх болно.
Ирээдүйн шашингүй, иргэнлэгжсэн нийгмийн төлөө хүн төрөлхтөн бид зорьж тэмүүлсээр...


Социологич: Н.Батзориг

БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна
БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна
 
“Монгол хаан” жүжиг Сингапурт амжилттай тоглолоо
“Монгол хаан” жүжиг Сингапурт амжилттай тоглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.