Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан, Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд С.Энхболд нар ХЭҮК-ийн тухай хуулийг зөрчжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 9 секунд

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан өнгөрсөн долоо хоногт /2022.06.15/ болсон байнгын хорооны хуралд "Комиссын гишүүний зөвлөмж шаардлагыг хүргүүлээд тухай бүр нь хэрэгжилтийг шаардаж авдаг. 2021 онд ковидтой холбоотойгоор ХҮЭК-ийн гишүүний 10 зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнээс хоёрт нь ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Харин комиссын гишүүний 11 шаардлага хүргүүлжээ. Үүний хоёроос нь мөн хариу ирүүлээгүй байна. Шаардлага, зөвлөмжийн хариу ирүүлээгүй хуулийн этгээдийг тодруулбал, Монгол Улсын Шадар сайд асан Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар юм" гэв.

ХЭҮК-ийн дарга Ж.Хунангийн өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор ХЭҮК-ийн гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Г.Ууганбаатараас дараах асуудлыг тодрууллаа.

Тэрбээр "ХЭҮК гишүүний явуулсан хоёр зөвлөмж, хоёр шаардлагад одоо хүртэл хариу ирээгүй байна. Тодруулбал, Шадар сайд асан Я.Содбаатарт 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4-0-7 дугаарт шаардлага хүргүүлсэн байна. Энэ нь "Тусгаарлалтаас гарч буй иргэдэд өгч буй зөвлөмжийн баталгааны маягтыг өөрчлөх /ковидын үе/" тухай байсан. Дараагийн шаардлага нь Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд "Хорио цээрийн дэглэмийн үед хүний эрхийн нөхцөлүүдийг хангаж ажиллах, УОК-ын хуралдаанд ХЭҮК-ийн гишүүнийг ажиглагчаар оролцуулах тухай" шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна.

Харин хариу ирээгүй зөвлөмжийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн Шадар сайд, УОК-ын дарга асан Я.Содбаатарт хүргүүлсэн байна.

Энэ нь "УОК шийдвэр гаргахад холбогдох зарим зүйлсийг анхаарч ажиллах" талаар явуулсан зөвлөмж байна. Мөн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байсантай холбоотойгоор хүүхдийг ялгаварлан, гадуурхаж байна" гэх гомдлын дагуу Боловсролын сайд, ЭМ-ийн сайд нарт зөвлөмж хүргүүлсэн. Ингэхэд Боловсролын сайдаас хариу ирсэн бол ЭМ-ийн сайд С.Энхболдоос ямар нэг хариу ирээгүй байна.

Шаардлага, зөвлөмжид хариу ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тухайн албан тушаалтныг чөлөөлөх санал оруулна гэж заасан байдаг. Энэ бол тухайн шаардлага, зөвлөмж явуулсан комиссын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ дээрх тохиолдлуудад шаардлагын биелэлтийг хангуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна" гэдгийг хэллээ.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд;

Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ.

Шаардлага хүлээн авсан этгээд Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах

Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй нь албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно" гэж заасан байдаг.

Хуулийн хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд, Шадар сайд асан Я.Содбаатар нарыг хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болж байгаа юм. Нөгөө талаас шаардлагад хариу ирүүлээгүй албан тушаалтныг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөх эрх ХЭҮК-ийн шаардлага хүргүүлсэн гишүүд болох ХЭҮК-ийн дарга Ж.Хунан, ХҮЭК-ийн гишүүн Д.Сүнжид нарт байгаа. Гэтэл эдгээр албан тушаалтнууд одоо хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа.

Дээр дурьдсан /хариу ирүүлээгүй/ шаардлага, зөвлөмжийн хоёрыг нь ХЭҮК-ийн дарга Ж.Хунан, үлдсэн хоёрыг нь ХҮЭК-ийн гишүүн Д.Сүнжид нар холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Тус асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгч У.Мандалаас тодруулахад "Хүний эрхийн үндэсний комиссоос ирсэн шаардлагын хариуг тухайн үед нь илгээсэн байна" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэдэг ч халширч шантардаггүй, зориг тэвчээр алдардаггүй охид хөвгүүд байдаг учир онцгойгийнхноор бахархдаг шүү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэдэг ч халширч шантардаггүй, зориг тэвчээр алдардаггүй охид хөвгүүд байдаг учир онцгойгийнхноор бахархдаг шүү
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.