БСШУС-ын сайдын их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай тушаал гарчээ. Үүнд оюутан элсүүлэхэд шаардагдах босго оноо болон төгсөлтийн үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.
1. 2020-2021 оны оны хичээлийн жилд баклаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосугай.
2. Дараах арга хэмжээг авч ажиллахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосугай. Үүнд:
2.1. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалт, суралцагчийн анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, төгсөлтийн бичиг баримтыг олгох үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан цахим хэлбэрээр зохион байгуулж дуусгах;
2.2. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах;
2.3 Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 он 5-р сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөний хүнд нь хүлээлгэн өгөх;
2.4 Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож, удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй, ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулах;
2.5. Их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар хэрэгжүүлсэнтэй холбогдон сргалтын болон дотуур байрны төлбөрийн асуудлыг оюутантай харилцан зөвшилцсөний үндсэн дээр уян хатан байдлаар зохицуулах;
2.6. Оны эхний хагас жилд зарцуулахаар төлөвлөсөн нэг удаагийн шинжтэй арга хэмжээ, бүх төрлийн уралдаан тэмцээн, сургалт-семинар, гадаад дотоод томилолт, тогтмол зардал /ус, цахилгаан, халаалт/ урсгал болон их засвар, тавилга тоног төхөөрөмж худалдан авах гэх мэт тэвчиж болох зардлыг хэмнэж, сургуулийн төсөвтөө тодотгол хийх асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх
3. Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн үйл ажиллагааг орон даяар цахим хэлбэрээр 2020 оны 7-р сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахад удирдлагын дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг танилцуулахыг Дээд боловсролын газар /Г.Батнэмэх/-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаалын 2-т заасан арга хэмжээний хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагаас тайлан авч, үр дүнг 2020 оны 6-р сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Энхжаргал/-т үүрэг болгосугай.