Украины төлөө тулалдаж байгаад олзлогдсон хоёр Британи, нэг Марокко иргэнд Украины зүүн нутаг дахь Оросын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх цаазын ял оноожээ. Тодруулбал, Британийн иргэн Айден Аслин, Шон Пиннер, Брахим Сааудун нарыг хөлсний цэрэг хэмээн буруутгаж, ийн ял оноосон гэж Оросын төв хэвлэл мэдээлсэн байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй тус шүүх Оросыг дэмжигч Бүгд Найрамдах Донецк Ард Улсад байдаг аж.
Харин Их Британи, Украин улсаас шүүхийн шийдвэрийг "Дайнд олзлогдогсдыг хамгаалах олон улсын хуулийг зөрчсөн" гэж буруутгаж байгаа юм байна.
Мөн Британичуудын ар гэрийнхэн тэднийг Украины армийг олон жил алба хааж байгаа болохоос хөлсний цэрэг биш гэжээ.
Харин "РИА Новости" тус гурван хүнийг "Хөлсний цэрэг байсан. Эрх мэдлийг хүч хэрэглэн булаан авсан. Террорист үйл ажиллагаа явуулах бэлтгэл сургуулилтад хамрагдсан учир буруутгасан" гэсэн байна.
Түүнчлэн тэдний өмгөөлөгч ялын эсрэг давж заалдах хүсэлтэй байгааг Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC