СБД-ийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал нь байгууллагын эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийлээ.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: "Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал гэх хүн нь Ковидын үеийн хорио цээрийн дэглэм, хэмнэлтийн үед огт ажилддаггүй гурван хүнд цалин гаргаж бодсон. Энэ бол төсвийн мөнгө хөрөнгийг ихээр шамшигдуулсан асуудал гэж ойлгож болно.
Мөн өнгөрсөн оны сүүлчээр сургуулийн урлагийн заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөг нэгэн компани руу шилжүүлсэн. Гэтэл энэ засварын ажлыг тухайн компаниар хийлгүүлээгүй буюу сургуулийн багш, ажилчдаар энэ ажлыг гүйцэтгүүлсэн. Энэ мөнгийг шамшигдуулсан байх магадлалтай гэж үзэж байна.
ЖИ СИ АЯ гэх олон улсын байгууллага энэ сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг 100 хувийн хөрөнгө оруулалтаар засаж, тохижуулж өгсөн. Харамсалтай нь О.Пүрэвжаргал захирал хэдийн хийгдсэн энэ ажлыг өөрөө хийнэ гэж 10 сая төгрөг нэг компани руу шилжүүлсэн. Тиймээс эдгээр асуудлуудтай холбогдуулан 16 дугаар сургуулийн багш нар АТГ-т хандсан.
Мөн Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Боловсролын ерөнхий газарт хандсан. Эдгээр газруудад хандаад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч ямар нэг шийдвэр гараагүй. Гэтэл 16 дугаарын захирал О.Пүрэвжаргал өнөөдөр өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байна. Хамт олны зүгээс сургуулийн захирлыг дотроосоо томилох хүсэлтэй байсан боловч Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа улс төржсөн шийдвэр гаргаж, түр үүрэг гүйцэтгэгч томилж байна.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг сум, дүүргийн засаг дарга нар томилох болсон хуулийн өөрчлөлт нь боловсролыг улс төржүүлэх, хамаатан саданжуулах асуудал руу түлхэж байна. Тиймээс ЗГ боловсролын салбарыг улс төрөөс ангижруулахгүй бол авлига, хахууль, ажлын байрны дарамт муу муухай зүйлсийн үүр уурхай боллоо.
АТГ-т шалгуулахаар хүсэлт өгөхөөр багш нарыг шалгаад байдаг. Нийгмийн ажилтан, багш нарыг дарамталж эхэлж байна. Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа үнэнийг ил болгосон багш нарыг хавчиж, шахаж эхэлсэн" гэв.