Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хэд хэдэн хэрэг хуулийн босго давж байсан. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас Гаалийн ерөнхий газар, Гашуунсухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр болон нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн оффиссын өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн.
Энэ талаар Гаалийн ерөнхий газраас "Манай байгууллагад ажиллаж байгаад сахилгын ёс зүйн хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр халагдсан хүнийг шалгасан байна лээ. Гэхдээ мөнгө төгрөг гараагүй" гэсэн тайлбарыг өгсөн.
Харин ЭЦА-наас "Нэгжлэг хийсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэсэн юм.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Гашуунсухайтын хилийн боомт дахь Хилийн цэрэг болон цагдаа, гаалийн нэр бүхий ажилтнуудын орон гэрт нэгжлэг хийсэн юм. Тэдгээрийн орон гэрээс бэлэн мөнгө илэрсэн гэх мэдээлэл одоогоор алга. Харин Гашуунсухайт дахь нүүрс тээврийн хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөөнөөс эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө гарсан" гэсэн.
Харин энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Манай байгууллагын ажилтнуудыг шалгасан гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн албанаас тодруулах нь зүйтэй байх" гэлээ.