Тойрсон хэдэн байшингаас өөр тогтож харах зүйлгүй хязгаар нутагт 21-хэн настайдаа томилогдож, цэл залуу насаа хилийн манаанд үдсэн Д.Бат-Эрдэнийн гэр бүлийг UBN сайт онцолж байна.
Гэрийн эзэн Д.Бат-Эрдэнэ Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0144 дүгээр салбарын захирагчаар, гэргий Б.Энхтунгалаг нь тус салбарт ахлах холбоочноор ажилладаг. Тэд хилийн цэргийн дээд сургуульд танилцаж, хилийн заставт өрх тусгаарлаад 18 жилийг хил дээр өнгөрүүлэхдээ 2 охин 1 хүүтэй өнөр бүл болжээ.
Мэнэнгийн талын буйдхан заставт очихдоо тог цахилгаантай эсэхэд нь эргэлзэж очсон сэтгүүлч миний бие газан халаалттай тохьтой сууцанд хотын төвийн айлуудаас дутахгүй тухтай амьдарч байгаа хилчдээ хараад гайхах бас бахдах сэтгэл төрж байсныг нуух юун.
Миний төсөөлөлд байсан тэр зутруухан застав түүх болон үлдэж, дотроо нойл, душтэй халуун дулаан байранд сэтгэл хангалуун, итгэл дүүрэн аж төрж байна.
Д.Бат-Эрдэнийх ам бүл тавуулаа. Том охин нь бусад хилчин хүүхдүүдийн жишгээр 5 нас хүртлээ ээж, аавтайгаа хамт хил дээр амьдраад сургуульд сурахаар төв суурин газар барааджээ. Хоёр бага нь ээж аавтайгаа хамт хилийн заставт амьдарч байна.
Хошууч Д.Бат-Эрдэнэ, "Залуучуудын хэлдгээр ид дарвиж, цэнгэх, олон дунд бужигнаж явах насан дээрээ хээр алслагдмал хязгаар нутагт томиглогдож ирээд 18 жил ажиллаж, амьдарч байна. Хил дээр хамаг залуу насаа өнгөрөөгөөд гээд хүмүүс ярьдаг. Би бол харамсдаггүй. Эх оронтой байна гэдэг сайхан. Эх орныхоо дархан хилийг хамгаалах хариуцлагатай албанд сэтгэл гаргаад ажиллахад маш гоё байдаг. 21 наснаасаа өдийг хүртэл хилээ дагаж ажиллаж, амьдраад эх орноо хамгаалаад явж байна маш өндөр хариуцлага нэр хүндийн асуудал гэж боддог. Хүн бүрд олдоод байхгүй ховор боломж шүү дээ" гэлээ.
Харин гэргий Б.Энхтунгалаг, "Хил дээр байж чадахгүй юм байна гэж шантарч үзээгүй. Байранд өссөн учраас анх ирэхэд амаргүй байсан. Гал түлж үзээгүй өссөн би хөрзөн гэдэг түлээгээр гал түлэх шаардлагатай болсон. Эхэндээ бүх зүйл амаргүй санагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр заставын амьдралдаа дасаж, бүх зүйлийг чаддаг хилчин бүсгүйчүүдийн эгнээнд нэгдсэн. Хэдийгээр хүссэн үедээ ээж, аав элгэн садандаа очих боломжгүй хязгаар нутагт ажиллаж, амьдардаг ч харамсах сэтгэл төрдөггүй" гэлээ.
Эх орныхоо дархан хилийг манаж, алс бөглүү хилийн заставт хэдэн биенээ харж, өдөр хоногийг өнгөрүүлдэг ч хийдэг ажил, хилийн манаа, заставын амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хилчин хосууд хилийн заставуудад олон бий. Тэдний нэг нь энэ сайхан гэр бүл. Халуун залуу насаа хил дээр өнгөрүүлсэн ч харамсахгүй байна хэмээн ярих тэдний түүх үнэхээр бахдам.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!