Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их түүхийн эзэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
19 минут 23 секунд

Хүн гүрний Их хааны бунханг хадгалж буй Гол мод II хэмээх газар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал гэдэг газар Хануй голын хөндийн зүүнтээ бий. 200 гаруй булшнаас бүрдэх энэхүү бунхан нь НТ 80-100 оны үед хамаарна.Хүн нарын булш, бунхнаас Дундад Азийн эртний эд өлөг гарах нь түгээмэл байдаг байна. Эдүгээ Турк, Казахстан, Кыргызстан зэрэг орны судлаачид Хүн нарын уг гарвал үүслийн талаар марган, булаалдсаар байгаа юм. Тэрхүү маргаанд цэг тавьсан хүн бол Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар юм. Тэрбээр Улаанбаатар Их Сургуулийн судлаачдын хамт Монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн Чемурчек, Мөнххайрхан, Тэвшийн соёлын дурсгалыг шинээр нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг даруй 1000-1500 жилээр урагшлуулсан байна.

Ухамсарт амьдрал, залуу насаа Монголын түүх археологийн судалгаанд зориулж яваа тэрбээр түүхийн, шинжлэх ухааны баялаг өвөөр ирээдүй хойч үеийнхэндээ сайн сайхан, гэрэлт ирээдүйг түүчээлэн, бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөн өдгөө 38 жил тасралтгүй ажиллаж байна. Монголын төдийгүй евроазийн археологийн салбарт “морьтой” яваа энэхүү эрхэм эрдэмтнийг энэ удаа толилуулгынхаа хойморт хүндэт зочноор урин заллаа.

Монголын төдийгүй, Евроазийн түүх, археологийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан түүний үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн ЭНХИЙН ШАГНАЛ-д нэр дэвшүүлж байгаа билээ. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, нийгмийн амьдралын тэнцвэртэй байдалд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо хөгжил, бүтээлч амьдралдаа Эзэн болсон эгэл жирийн хүмүүсд олгодог шагнал юм.

Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтод сөхөрч биш зүтгэж, давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхыг уг шагналаар дамжуулан залуу хойч үедээ уриалах нь энхийн шагналын гол зорилго билээ.

- Таны археологич болох хүсэл хэдийнээс төрсөн бэ?

- Би Улаанбаатарын унаган хүүхэд. Багаасаа л түүх археологийн талаар судлах хүсэлтэй сониуч хүүхэд байсан. Намайг түүхийн шинжлэх ухаанд дурлуулсан хүн бол Монгол улсын гавьяат багш Мижиддорж юм Хамгийн анх дунд сургуулийн түүхийн сурах бичиг дээрээс “Ноён уул”-ыг малтаж байгаа археологичид нэртэй зургийг хараад археологич болох бодол төрж, сэтгэл шулуудаж байлаа. Ер нь тэр үеэс л түүхч, археологич болох итгэл төрсөн дөө Бусад хүүхдүүдийн л адил түүхч болох хүсэл мөрөөдлөө даган Монгол Улсын Их Сургуулийн түүхийн ангид шалгалт өгсөн боловч тэнцэж чадаагүй! Барилгачин болсон.

- Тэгвэл барилгын салбарын л хүн байх байж дээ?

- Социализмын үед их сургуулийн шалгалтанд унасан ч дараагийн шатны хуваарь өгдөг байсан шүү дээ Надад Санхүү Эдийн Засгийн их сургуулийн хуваарь ирсэн ч би татгалзсан.Би багын л тоо, физикийн хичээлд муу хүүхэд байсан юм Угаас тоонд муу учир тэр хуваарийг нь авалгүй барилгачныхаа замыг хөөсөн юм Барилгын салбарт ажиллах болсон минь ч учиртай. Тухайн үед сайн ажиллаж байгаа ажилчдыг дэмжиж, их сургуульд шалгалт өгөх эрх өгдөг байсан юм Их сургуульд шалгалт өгөх эрхийн бичиг авахын тулд барилгын трестэд нэг жил гагнуурчин хийсэн дээ Бүтэн нэг жил гагнуурчнаар ажилласны эцэст хүсэн хүлээж байсан шалгалтандаа орох эрхийн бичиг ч авлаа. Гэтэл хүсэхэд хясал гэгчээр цэргийн зарлан дуудах ирж, би гурван жил цэргийн алба хаасан Гурван жил цэргийн алба хааж ирээд байшин үйлдвэрлэх комбинат-д дахиад л гагнуурчнаар ажиллах болсон. Ийнхүү таван жилийн дараа анх удаа надад их сургуулийн шалгалт өгөх боломж олдсон. Монголчууд "санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг" гэдэг дээ Би түүнд итгэдэг.

- Тэгээд хүссэн ангидаа орж чадсан уу?

- Тэгсэн шүү Түүх, монгол хэл, нийгмийн шалгалт өгөөд МУИС-н түүхийн ангид орж байлаа. Их сургуулийн хамгийн анхны хичээлийг Монголын алдарт археологич Наваан багш орж байсан нь одоо ч тодхон санагдаж байна Багшийн ярьсан зүйлс миний хүүхэд байх үеийн мөрөөдөлтэй их адилхан байсан. Энэ л үед түүх археологич болох замнал маань тавигдсан даа Тухайн үед археологич мэргэжлийг ОХУ-д бэлтгэдэг байсан юм Монголын археологийн салбарын томоохон төлөөлөл болох, Наваан, Сэр-Оджав, Дорж нар 1980-аад оны дунд үед археологийн салбарын мэргэжилтнүүдийг монголдоо бэлтгэдэг болъё гэдэг санал гаргаж, МУИС-н түүхийн тэнхимээс 3 оюутан сонгон авч байсны нэг нь би! Бид гурвыг зуны амралтаар археологийн хээрийн шинжилгээний ангид туслах ажилтнаар авч явж, илүү цагаар тусгайлан хичээл орох зэргээр археологич болохоор бэлтгэсэн. Ингээд 1988 онд сургуулиа төгсөөд Шинжлэх Ухааны Түүхийн Хүрээлэнгийн Археологийн секторт багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн дээ Эрдэмтэн багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог шүү би

- Тухайн үедээ өөрийгөө Монгол улсын нэрт археологичдын нэг болно гэж төсөөлж байв уу?

- Юу гэж дээ. Багш нарынхаа чинээнд хүрнэ гэж зүүдэлж ч яваагүй. Монголд 1940-өөд оноос эхлэн археологийн судалгааны ажлууд хийгдэж ирсэн. Тэднийг нэг бүрчлэн уншихдаа юу хийх ёстойгоо ойлгож, дахиад илүү ихийг сурах ёстойгоо мэдсэн. Д.Наваан багш маань Монгол дахь дөрвөлжин булшны талаарх хамгийн том судалгааг хийж, “Дорнод Монголын хүрлийн үе” нэртэй номыг бичиж байсан. Багш надад өөрийнхөө сэдвийг өгсөн юм Багшаасаа сэдвийг нь хүлээж авахдаа надад хийх юм байхгүй мэт санагдаж, сэтгэл их түгшиж байсан. Тухайн үед багш хийх судалгаа маш их байгаа хэмээн намайг зоригжуулж, урамшуулж байсан нь санаанд одоо ч тодхон байна

- Хамгийн анхны олдвор тань юу байв?

- 1992 онд анх удаагаа бие дааж экспедици удирдан ажиллуулсан. Хэнтий аймгийн Биндэр сумын Асгат уулын өвөрт малтлага хийж, чулуун шанага, хүрэл морь зэрэг хосгүй үнэт олдовруудыг олж байлаа Энэ хүрэл морь намайг Монголын археологид төдийгүй Евроазийн археологид морьтой явахыг минь бэлгэдсэн гэж би боддог. Тийм ч учраас хүрэл мориндоо хайртай байдаг юм Үүний дараа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав газраас 3500 жилийн өмнөх хүрэл дуулга олж байлаа. Хээрийн шинжлэгээний ангиас бууж ирээд хамгийн түрүүнд багшдаа олдвороо үзүүлсэн. Тэгэхэд миний багш “Би дөрвөлжин булшийг 44 жил судлахдаа ийм дурсгал олж байсангүй. Мундаг байна” гээд намайг үнсэж билээ. Тэр л миний амьдралдаа авсан хамгийн том шагнал байсан даа Энэ үед сайн судлаач болж болох юм байна гэдэг итгэл төрж байсан

- Та Хүрэл, Хүннүгийн үеийн түүхийг голчлон судалдаг. Яагаад түүхийн энэ үеийг судлах болсон бэ?

- Судалгааны ажил хийх явцад Монголчууд бид хэн юм бэ, бид хаанаас үүссэн бэ гэдэг асуулттай нүүр тулсан. Монголчуудын үүслийг Хүн гүрэн үүссэн үе буюу 2230 жил хэмээн тайлбарлаж, түүнээс өмнө түүхгүй байсан мэтээр ойлгодог. Гэтэл Модунь Шаньюйгаас өмнө 5 Шанью байжээ Ингээд бодохоор бидний түүх 500 жилээр урагшлах боломжтой. Түүнээс ч өмнө монгол нутагт эртний төрт улсууд байсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар оршдог Гол мод-2 нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлсэн. Энэхүү судалгааны үр дүнд Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000- 1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” “Буган хөшөө”, “Дөрвөлжин булш” зэрэг Монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр нээсэнТухайлбал буган чулуун хөшөө бол тухайн үеийн хаад язгууртануудад зориулсан буюу хүнд зориулагдан бүтээгдсэн анхны хөшөө. Энэ хөшөөн дээр буга байдгын учир нь монголчууд эрт дээр үеэсээ буга сүлдтэй ард түмэн байжээ гэсэн үг! Нэг нутаг дэвсгэртэй, цэрэг армитай, нэгдсэн соёлтой, шүүх засаглалтай гэсэн хэд хэдэн шинж тэмдгээр төрт улсыг томъёолон авч үздэг. Буган чулуун хөшөө нь Монголын баруун аймгийн бүх нутгуудаар байгаа. Энэ бол тусгай нутаг дэвсгэртэй төрт улс байсны баталгаа. Манай өмнөд хөрш Хятадын түүх, сурвалжуудад Умардын буга, цагаан чоно сүлдтэй улстай байлдсан хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Бид түүхээ урагшлуулж, бодож, санаж сэрж амьдрах ёстой. Аль ч улс үндэстэн өөрийнхөө түүхийг дандаа урагшлуулж цаашлуулж байдаг. Энэ судалгааныха үр дүнгээр “Монголын эртний түүх” нэртэй ном бичихээр төлөвлөж байна.Ном маань ирэх жил хэвлэлтэнд орно доо Судлаагааны үр дүнгээ ном болгон хэвлүүлэхэд санхүүжилт олно гэдэг хүндхэн асуудлын нэг байдаг. Богино хэмжээний судалгааны бүтээлүүдээ гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлдэг Түүний үр дүнд дэлхийн түүх, евроазийн археологийн судалгаанд бидний түүхийг хүлээн зөвшөөрч эхэлж байна гэж ойлгож болно.

- Та бодвол эрдэм шинжилгээний өгүүлэл, ном маш олныг бичсэн байх Хамгийн гол бүтээлүүдээсээ дурьдвал?

- Би Археологийн салбартай амьдралаа холбоод 38 жилийг үджээ. Энэ хугацаанд нийтдээ долоон дан сэдэвт ном хэвлүүлж, 10 гаруй номд хамтран зохиогчоор оролцож, 190 гаруй эрдэм шинжилгээний бүтээл дотоод, гадаадад, тухайлбал ОХУ, Хятад, Герман, Франц, Солонгос, Япон зэрэг орнуудад хэвлүүлсэн байна . Эдгээр бүтээлүүдээс дэлхийн 700 гаруй судлаачид, эрдэмтэд судалгаандаа иш татан ашигласан байдаг. Хамгийн сүүлд “Хүн улсын соёлын өв”, “Хүннүгийн явгууртны булшны судалгаа” нэртэй хоёр ном бичсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүлийн 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-д багтсан.

- Одоо та ямар судалгаа хийж байгаа вэ?

- Сүүлийн таван жил бид Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гол Мод-2” дээр ажиллаж байна. Тэнд Хүн гүрний хаад язгууртны 200 гаруй булш байдаг Анх 2000 онд илрүүлсэн юм Цаашдаа 20 жил тасралтгүй судлах ажил бий Бид нийтдээ дөрвөн булш судлаж, хосгүй үнэт олдвор олныг олсны нэг нь хос мөнгөн луу байгаа

- Археологийн судалгаа хийхэд төсөв мөнгө чухал байдаг байх Улсаас маш сайн дэмждэг биз дээ?

- Үгүй ээ. Би 2000 оноос хойш Монгол улсын төсвөөс нэг ч мөнгө аваагүй. Яаж судалгаа шинжилгээ хийдэг юм бэ гэж гайхаж магадгүй. Ардчилсан нийгэм бий болж, гадны судлаачтай хамтран ажиллах болсноор хөрөнгө оруулалт олж авах боломжууд нээгдсэн. Өрнийн болон дорнын эрдэмтэн судлаачид Монгол нутагт судалгаа хийх болсон нь биднийг санхүүгийн хүндрэлээс гарахад ихэахэн нөлөөтэй байгаа Тухайлбал Япон, Франц, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ улсын судлаачид Монгол нутагт судалгаа хийж байна 1994 оноос хойших бүхий л судалгааг гадны судлаачидтай хамтран хийж байгаа

- Хамтран ажиллахад сөрөг тал ч мөн гарна биз?

- “Мөнгөө төлсөн нь хөгжимөө захиална” гэж үг байдагъдаа Үүний нэгэн адилаар гадны судлаачид судалгааны үр дүнг өөртөө ашигтайгаар эргүүлэх тохиолдол нэлээд бий Тийм ч учраас бид аль болохоор бие дааж, судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийхийг боддог юм Одоо бол бүр ч тийм итгэл үнэмшилтэй болоод байгаа. Түүхэндээ анх удаа л бид гадны тусламжгүйгээр “Гол Мод-2”-ын судалгааг бие даан хийсэн юм шүү дээ Тэр маань бие дааж судалгаа хийж чадна гэдгийг бидэнд өөрсдөд маань ч, дэлхий дахинд ч харуулсан л даа

- Таны нээж олсон олдворууд Улсын эрдэнэсийн санд томоохон хувь эзлэдэг гэж сонссон юм байна?

- Хувийг нь би тодорхой мэдэхгүй. Гэхдээ нүдэн баримжаагаар харахад алтан эдлэлийн 80 орчим хувийг бүрдүүлдэг юм шиг байдаг шүү

- Та энх тайван гэдэг ойлголтыг юу гэж үздэг бэ?

- Энх тайван бол дэлхий ертөнцийн хамгийн чухал асуудал. “Pax Mongolica” буюу монголын их амар амгалан гэдэг ойлголтыг Чингис хаан бий болгосон. 2200 жилийн өмнө Хүн гүрнийхэн Европ Азийг холбодог худалдааны замыг хяналтдаа авч байсан. Түүнээс мянган жилийн дараа Чингис хаан тэр түүхийг давтсан. Чингис хаан Евроазийн газар нутгийг бүхэлд нь хяналтдаа авахдаа энх тайвнаар зэрэгцэн орших санааг дэвшүүлж, энх тайвныг эрхэмлэдэг болгосон. Чингис хаан өөрийн харьяанд байгаа улс орныхоо шашин шүтлэг, соёл зан заншлыг огт хөнддөггүй нь үүний нэг илрэл. Хүний үзэл санаа буруу байвал даян дэлхийн амар амгалан алдагдана Үүнийг түүхэн үйл явдлын хэлхээ холбоо тод харуулдаг

- Та энх тайванд ямар хувь нэмэр оруулж байна гэж боддог бэ?

- Ирээдүй хойчдоо түүх соёлоо өвлүүлэн үлдээх бодол өвөрлөн, судалгаа шинжилгээний ажил хийж байгаа маань Монголын амар амгаланд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна гэсэн үг болов уу. 2002 он буюу одоогоос 20 жилийн өмнө “Монгол болон Байгаль нуур орчмын сиберийн соёл гэдэг” судалгааг Орос болон Хятадын эрдэмтэдтэй хамтран хийж эхэлсэн. Орос, Хятадын нутаг дээр Монгол орны соёлын дурсгал их. Түүнийг улс орон бүр өөрийнхөөрөө тайлбарладаг. Энэ бол байж болшгүй зүйл. Иймээс Орос, Монгол, Хятад улсын эрдэмтэд ярилцаад нэг соёл учир хамтарч судалж, дэлхий дахинд хүргэж байхаар болсон. Өдгөө энэхүү судалгаа дэлхийн 10 гаруй орныг хамардаг болоод байна. Шинжлэх ухааны цаад зорилго нь амар амгалан байдаг. Монголын түүхэн дурсгал Евроазийн олон оронд байна. Улс үндэстний түүх соёлоор дамжуулан энх тайвныг бэхжүүлж болно.

- Та археологийн салбарт 38 жил ажиллажээ Маш олон шавьтай болсон байж таарна даа?

- Улаанбаатарын их сургууль тухайн үед шинжлэх ухааны академийн дэргэдэх сургууль байсан. Шинжлэх ухааны академийн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг сургуультай болъё гэсэн зорилгоор байгуулагдсан түүхтэй юм Би 1998 онд тэр сургуулийн археологийн тэнхэмийг үүсгэн байгуулж байлаа. Түүнээс хойш тасралтгүй 24 жил багшилж байна. Монголд 170 гаруй археологид ажилладаг. Түүний 70-80 хувь нь миний шавь шүү!

- Баярлалаа.

ҮНХӨ-өөр ТӨРИЙН СҮЛДИЙГ шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ
ҮНХӨ-өөр ТӨРИЙН СҮЛДИЙГ шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.