Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаан дөнгөж сая завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон байна. Тодруулбал, одоо гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана.
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр эцсийн үгээ хэллээ. Тэрбээр "Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийж болохгүй үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа. Миний найз надтай хүүхэд ахуй наснаасаа хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүн байгаа. Бүгдээс нь уучлалт хүсэж байна.
Та бүхэн уучлаарай. Би энэ хэрэгт маш их харамч, гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь боломж олговол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. Мөн аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь уучлал хүсч байна. Эл хэрэгт холбогдож өчигдөр орж ирсэн гэрч болон бусад хүмүүсээс уучлал хүсч байна. Энэ бүгдэд зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ойлгож байгаа. Эрхэм шүүгч өмгөөлөгчийн маань хэлснийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэв.