Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогчийн өмгөөлөгч нар дараах саналуудыг гаргалаа. Өмгөөлөгч н.Даваажаргал "Хохирол хор уршгийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэх нь зөв. Хүний амь нас эрсэдсэн учраас хэзээ ч нөхөн төлөгдөхгүй. Харин гэмт хэргийн улмаас үүсэх хор уршиг цаашид ч гарсаар байх болно. Үр хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой бүхий л хор уршиг цаашид гарна. Эмнэлгийн зардлууд л төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Өчигдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч болон түүний ар гэр зөвшилцөөд хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хохирогчийн талд шилжүүлэх талаар ярьсан. Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах бол шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүхийн болон прокурорын тогтоолоор битүүмжилнэ гээд байгаа. Өөрөө зөвшөөрч байгаа бол тухайн хөрөнгийг битүүмжилж, харин хадгалалт үүргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нандинцэцэгт олгож өгнө үү. Хохирогч н.Нандинцэцэгийн хүүхдүүд жилийн 70 сая төгрөгийн төлбөртэй суралцдаг. Тухайн хөрөнгийг шилжүүлснээр биелэгдэх боломжийг хангах гээд байгаа юм" гэв.
Өмгөөлөгч н.Баасанжаргал "Өчигдөр сошиалаар сэвээд байна лээ. Хоёр үл хөдлөх хөрөнгө өгч байгаа гэж. Хоёр үл хөдлөх хөрөнгө гээд байгаа зүйл нь зургаан метр квадрат талбайтай павилон. Хүний амь насыг хоёр павилоноор үнэлж болох юм уу. Гэтэл нэг бүрийг нь 160 сая ам доллараар үнэлсэн байна лээ. Доллар өнөөдөр хэдтэй байгаа билээ. 180 сая төгрөгийн 6 метр павилон гэж байх уу" гэлээ.