Ард түмний төлөөлөл болсон төрийн түшээд нь төрийн ордны өндөр сэнтийн дээрээс ард түмнийхээ толгой дээрээс “нулимахыг” харав. Тэгэхдээ бай нь нярайн шарлалтаас болж саажилттай болсон хүүхдүүд, тэднийг асарч эрүүл саруул болгох гэж арга ядаж буй эцэг, эхчүүд байсан нь харуусалтай. Тиймдээ ч аргаа барж, шаналж, шанатарсан эцэг, эхчүүд саажилттай үр хүүхдээ тэвэрсээр Төрийн ордны баруун хаалга дээр суулт зарлав.
Тэд ийн суулт зарласан гол шалтгаан нь саажилттай хүүхдүүдийн эмийн татан авалт зогссоноос болж хүүхдүүдийн биеийн байдал эрс муудсан. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тархины саажилттай хүүхдийн өвчин бүрэн эдгэрдэггүй” гэж хэлсэн үгнээс болж гадаадад эмчлүүлэхээр зарлаад байсан хандивын аян зогссонтой холбоотой.
Нэг үгээр хэлбэл, төрийн түшээ болсон бүр Эрүүл мэндийн сайд хүний бодлогогүй хэлсэн үг, үйлдлийнх нь харгайгаар саажилттай хүүхдүүд гадаадад эмчлүүлж, эдгэрэх боломжоо алдлаа. Энэ ч утгаараа эцэг, эхчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрч зарим нь “Чимээгүй үхэл Монголд нүүрлээд байна. Үр хүүхдээ чимээгүй үхлээр алдаж байхаар би өөрөө энд ЧИМЭЭТЭЙ үхье. Энэ миний эцсийн үг шүү” гэдгийг Эрүүл мэндийн сайдад хатуухан анхааруулсан. Бүр зарим эцэг, эхчүүд нулимсаа барьж дийлэхгүй уйлсан. Тэд төр, түмнээс нулимсаа нуухийг хүссэнгүй. Яагаад гэвэл тэд үр хүүхдийхээ төлөө элэг зүрхээ эмтэлж яваа болохоор тэр.
Гэсэн ч Эрүүл мэндийн сайд эл үгийг бараг л чихнийхээ хажуугаар өнгөрөөчих шиг болсон. Баримт нь “Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Тархины саажилттай хүүхдүүд бүрэн эдгэрэхгүй. Би тэрийг л хэлсэн. Судалгааны хувьд би өөрөө эмч хүн. Юм уншдаг хүн” гэдэг үгнийхээ цаана “Би бол үнэнийг хэлсэн байхад та нар яагаад уурлаад байгаа юм. Олон жил яригдсан асуудлыг чинь шийдэх гээд л байна. Би юм уншиж, судалдаг мэдлэг боловсролтой хүн. Намайг битгий даапаалаад байгаарай” гэх утгийг дайж буй мэт харагдсан.
Нөгөөтэйгүүр, дээр хэлсэнчлэн төрийн түшээдийн бодлогогүй хэлсэн үг, үйлдэл бүхний цаанаа эгэл ардын амьдралын учиг хөвөрч байдаг. Саажилттай хүүхдүүдийн эцэг, эх үр хүүхдийнхээ төлөө арга мухардаж явахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Та нар битгий улстөржөөрэй” гэж тэднийг бас даапааллаа. Тэр эцэг, эхчүүдэд ийим хоржинтой үг хэлснийхээ хариуг чамгүй сайн хүртсэн. Энэ нь “Чам шиг боов идэж попрох гээгүй байна. Бидэнд та нарын улс төр хамаагүй. Бидэнд үр хүүхдэд минь чухал байна. Бидэнд эм хэрэгтэй байна. Та нарын хий үг хүүхдүүдийг эдгээхгүй. Чи эндээс яв. Чам шиг хэрэггүй хүн энд алга” гэсэн үнэн үгийг хатуухан хэлсэн.
Эндээс л ард түмний төлөөлөл болсон эрхэм гишүүд эгэл ардынхаа толгой дээрээ “нулимлаа” гэж хэлсэн юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдаа та бол тангараг өргөсөн эмч хүн. Улстөрчдийн попрол хийрхэл Монголд ихэдсэн үү, гэхээс багадаагүй. Попрол хийрхэлээ мартаад эмч хүний тангарагаа ой санамжныхаа мухраас нэг хайгаад үзнэ үү. Төрийн ордны үүдэнд ҮНЭН гэх зүү шиг хатуу үгээр эцэг, эхчүүд болоод саажилттай хүүхдүүдийн зүрхийг зүсэж явахаар эм, тариаг нь татан төвлөрүүлэхдээ анхаар. Тэгвэл таныг жинхэнэ эмч хүн юм гэж ард түмэн хүлээн зөвшөөрөх байх гэж хэлэхийг хүслээ.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танд хандаж хэлэхэд Төрийн ордны индэр дээрээс хоосон амлаж, хийрхдэг болохоос биш борог амьдралынхаа өдөр шөнөгүй зүтгэж яваа эгэл ард түмэн улстөржиж попордоггүй юм. Төрийн түшээ хүнийхээ, үгүй ядаж сэтгүүлчийн ёс зүйн хэмжээгээ барьж сурна уу гэж хэлье.
Энэ ч утгаараа ард түмний амьдралд нь дэм болж өвчтэй зовлонтой хүүхдүүдийн шаналлыг нимгэлж чаддаггүй юм гэхэд ойлгох ухаан хүрэхгүй бол тэдний замд хөндөлсөхөө бол гэж Эрүүл мэндийн сайд болон М.Оюунчимэг тэргүүтэй гишүүдэд хандаж хэлье. Төр нь төр шиг байж гэмээнэ түмэн олон нь амар амгалан байна гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.