Монгол Улсад, тэрдундаа Улаанбаатар хотод ийм зарчим үйлчилдэг. Энэ нь дунджаас дээш орлоготой иргэд оршин суудаг дүүрэг, хороолол өдрөөс өдөрт өнгө үзэмж засаж, харин борогдуу иргэдийн амьдардаг газар өдөр ирэх тутам сааралттай жамтай. Яг л ийм зарчмаар бид аж төрсөөр нэг мэдэхэд 2022 онтой золгож. Тэгвэл хотын А бүсэд байрладаг Гандангийн бүсийг аялал жуучлалын бүс болгоно гэсэн үе үеийн хотын удирдлагуудын хошгируулсан яриа өнөөдөр ч үргэлсээр байна. Тус газарт лам нарын шавилан суудаг, эсвэл залуу хосууд, оюутнууд нийтийн орон сууц, гэр, хашаа түрээслэн суудаг.
Хэдий ийм ч гэлээ, ихэнх газрын жинхэнэ өмчлөгчөөр нь улстөрд нөлөө бүхий явсан хэд хэдэн эрхэм болоод түүний гэр бүл цаашлаад Монголын гурван томоохон ААН байдаг юм билээ.
Ямартай ч ярихаас хэтрэхгүй хотын удирдлагуудын буянаар Гандан орчим өнөөх л тоос шороондоо дарагдсаар өнөөдөртэй золгов.
Тэгвэл Гандантэгчэнлин хийд орчмыг үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгоно гэж яригдсны зургаан жилийн ой дээр арай хийж ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврыг батласан байна.
Тодруулбал, ажлын даалгаврыг үндэслэн, гүйцэтгэгч шалгаруулах худалдан авах ажиллагааг Соёлын яам гардан гүйцэтгэнэ.
ТЭЗҮ боловсруулагдаж дууссаны дараа дараагийн ажлуудыг шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Мөн Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг Инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсөв “УБ Дулаан сүлжээ” ТӨХК, Нийслэлийн онцгой байдлын газар, УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаар зөвшилцлийн шатан дээрээ явж байгаа.
Зураг төсөв эцэслэн батлагдсанаар Улсын төсвийн нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дүнгээр айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлжээ.
Яг иймэрхүү, үүнтэй төстэй мэдээллийг 2017 онд хотын даргаар ажиллаж байсан С.Батболд хэвлэлд өгч байлаа.
Тэрбээр "Энэ ажлыг эхлүүлэхэд оршин суугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" хэмээн хэлсэн удаатай.
Түүний эл үгнээс өндөр ханштай байрлалын газрын наймааны өнөөдрийг хүртэл бүтэлгүйтсэн.
Харин цагийн эрхэнд наймаа бүтэж, ийнхүү ТЭЗҮ батлагдаж гэж харагдахаар байна. Түүнээс биш Гандан ормыг тохижуулахад хөрөнгө, хүч Монголд дутаагүй. Хийе гэвэл хэн нь гараад хийчихэж дөнгөх зураг төслийг 2017 болон 2018 онуудад батлаж байсан. Тиймээс л газрын наймаа байв уу, эс бөгөөс хэн нэгний эрх ашгийг хамгаалсан тохироо явагдав уу гэж хардагдана.
Ташрамд дурдахад, Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Төсөл 2022-2024 онд хэрэгжих бөгөөд эхний жилд долоон тэрбумын санхүүжилтыг төсөвт тусгасан байна.
Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас 2021 оны зургадугаар сард гаргасан. Тухайн үед хотын дарга Д.Сумъяабазар "Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой. Тухайн орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгоно хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа" гэж ярьж байв.
Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчимд соёлын өвийг сэргээн засварлахад зориулан 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсний 250 сая нь 2022 оны төсөвт багтаад байгаа юм.