Өнөөдөр Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зоригийн мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ жил тэрбээр 58 нас хүрэх байлаа. Түүний мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан хамтран зүтгэгч, журмын нөхөд, гэр бүлийнхэн түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр 11:40 цагт болно.
Санжаасүрэнгийн Зориг нь Улаанбаатар хотод 1962 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. Тэрбээр 1980 онд нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн.
С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн.
Тэрбээр Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоов.
1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Тэрбээр 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулан, тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ.
С.Зориг эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн нөлөө бүхий зүтгэлтэн байв. Эрх баригч Ардчилсан Холбоо Эвслээс дараагийн Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажиллажээ. М.Энхсайханы Засгийн газар огцроход С.Зориг бээр Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогдсон юм. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч монголын ард түмнийг цочроосон юм.
Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ.
С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.
С.Зориг бол айсуй цагийн өнгө төрхийг урьдчилан мэдэрсэн Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийг манлайлагч, ардчиллын жинхэнэ алтан хараацай байлаа.
Намтрын эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь