Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэ 4дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны Ажлын алба, Нийслэл, Чингэлтэй дүүргийн зарим удирдлагын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд ажиллав.
Тус хорооны нутаг дэвсгэр дэх “Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд гүний ус хөрс рүүгээ нэвчин гарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх талаар ажиллаж өгнө үү гэсэн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ийнхүү ажилласан юм.
Нийслэл, дүүргийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр үргэлжилсэн бороо ороход, хавар, өвлийн цагт гүний ус хөрсөн дээр нэвчиж гарснаас, мөн шар усны үерээс үүдэлтэйгээр ийм хүндрэлтэй асуудал нийслэл хотын хэмжээнд, дүүрэг бүрт үүсдэг талаар танилцуулав.
“Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд сүүлийн гурав, дөрвөн жил гүний ус хөрс рүүгээ нэвчжээ.
Айл өрх, байгууллагын хашаа байшин усанд автаж, иргэд байгууллагууд эд хөрөнгөөр хохирох асуудал үүсдэг учир ус нэвчиж гарсан хэсгийг хусаж цэвэрлээд, бохирдлыг зөөвөрлөх, мөсөөр нь далан босгох зэргээр өвөлжингөө ажилласан талаар Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаны орлогч дарга Д.Амандых ярилаа.
Газрыг хусаж цэвэрлэх, бохирдлыг зайлуулах энэ ажил нь жил бүр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан явдал болж буй учир гүний усыг хөрсөн доогуур нь шүүж, газар доорх сувгаар дамжуулан далан руу оруулах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарчээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 330 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлыг “Геодизи усны барилга байгууламж” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Цаашид баригдсан далан сувгийн арчлалт, хамгаалалтыг энэхүү байгууллага хариуцаад явах юм.
Энэ төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг идэвх, санаачилгатай ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр хэлж байлаа.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт санхүүжилтээс дутаж байгаа 100 гаруй сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэх талаар энэ үеэр ярилцаж, Дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг дагалдан Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Чингэлтэй дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар ажиллаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг газар дээр нь ярилцан шийдсэн юм.
Дараа нь албан тушаалтнууд тус хорооны Сурагчийн 49 дүгээр гудамжинд чулуун зам тавих ажил удааширч буйгаас гал команд, түргэн тусламж зэрэг онцгой байдлын байгууллагын машинууд нэвтэрч чадахгүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч буй асуудлаар газар дээр нь очиж танилцав.
Иргэдийн төлөөлөл энэ үеэр 500 метр орчим зайд зам тавих төсвийг нэн яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан.
Иргэдийн энэ хүсэлтийн дагуу аль боломжтой хувилбараар төсөв мөнгийг яаралтай шийдүүлэн ажиллах талаар Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариулт өгсөн юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс