Хөгжлийн банкнаас Эгийн голын усан цахилгаан станцын төсөлтэй холбоотой авсан зээлийн асуудлаар сүүлийн өдрүүдэд олон янзын мэдээлэл явж буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн ТЭЗҮ боловсруулахад ажилд зориулж их хэмжээний зээл авсан. Үүнийгээ бичиг баримт боловсруулах, цалингийн зардал, оффис түрээс зэрэгт зарцуулсан гэх асуудал хөндөгдөөд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан уг төслийн авсан зээлийн зарцуулалт үр ашигтай байж чадсан уу. Энэ төсөл хэзээ эхэлж үр өгөөж нь гарах вэ гэх зэрэг асуултууд бидний өмнө хариултаа нэхсээр байна. Тэгвэл бид Эгийн голын усан цахилгаан станцын Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалт, үр өгөөж болон тус төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захирал асан Д.Одхүүтэй уулзаж ярилцлаа.
"Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлүүдээс Эгийн голын усан цахилгаан станцын зээл шал өөр. Найдваргүй зээл биш"
-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд олны анхааралд байна. Эдгээр чанаргүй зээлүүдийн төрийн өмчийн ангилалд Эгийн голын усан цахилгаан станцын зээл байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ярилцлага хийх санал тавьсан юм. Хоёулаа яриагаа таны хариуцаж байсан төсөл Хөгжлийн банкнаас яг хэдэн төгрөгийн зээл авсан. Үүнийг үр ашигтай зарцуулж чадсан уу гэдгээс эхэлье гэж бодож байна.
-Эна талаар ярихын тулд эхлээд жижиг тайлбар хэлэх хэрэгтэй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн зээлийг гүйцэтгэх захирал авдаггүй юм. Энэ зээлийг Хөгжлийн банкны захирал, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам шийдвэр гаргаад төсөлд олгохоор шийдвэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төсөв мөнгөний бодлогыг гаргадаг хоёр яам, салбар яам гээд нийт гурван талын хэлэлцээрээр энэ зээл олгогдсон. Түүнээс биш энэ зээлийг авах, зарцуулах эрх мэдэл надад ерөөсөө байдаггүй байсан. Зээлтэй холбоотой асуудлыг асуух бол энэ гурван яамыг хариуцаж байсан удирдлагуудаас асуух хэрэгтэй. Гэхдээ үүгээрээ би энэ зээлд хамаагүй гэж өөрийгөө бултуулж байгаа юм биш. Эрх зүйн хувьд энэ гурван яам Удирдах зөвлөлөөрөө дамжуулаад төсвийг нь баталдаг, төслийн нэгжээ хянадаг байсан. Бид ажлыг нь л хийдэг байсан гэсэн үг. Би төслийн нэгжийн захирлын хувьд удирдах зөвлөлийн есөн гишүүний нэг. Удирдах зөвлөл нь манай санхүүгийн зардал, ажилчдад хэдэн төгрөгийн цалин өгөх, ямар ажлыг ямар хүмүүсээр хийлгэх вэ гэдгийг шийддэг байсан. Удирдах зөвлөлийн даргаар нь Эрчим хүчний ТНБД, гишүүдээр нь Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Байгаль орчны яамны ТБНД, Эрчим хүчний яамны бодлогын газрын дарга, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал гээд эрчим хүч, байгаль орчинтой холбоотой салбарын дарга нарыг багтаасан байсан. Үүнээс гадна манай санхүү, үйл ажиллагааны тайланг яамны санхүүгийн хэлтсээс долоо хоног, сар болгон авч хянадаг байсан. Мөн бид санхүү, үйл ажиллагаа дээрээ давхар аудит хийлгэдэг байлаа. Аудитын Ерөнхий газраас манай төслийн нэгж дээр шууд хяналт тавьдаг байсан. Аз болоход жижиг аар саар зөрчлийн зөвлөмжөөс өөр томоохон торгууль, акт тавигдаж байгаагүй. Бусад зээлүүдийг би мэдэхгүй юм. Ямар ч байсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийн санхүү болон үйл ажиллагаа нь төрийн хатуу хяналт дунд 2014-2016 он хүртэл явж ирсэн. 2016 оны 11 дүгээр сард намайг сольсон. Үүнээс хойш ямар хяналтад явж байгааг би мэдэхгүй байна.
-Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөний зарцуулалтыг хоёр хувааж үзэх ёстой гэж та ярилцлага эхлэхийн өмнө хэлж байсан?
-Зарцуулагдсан мөнгийг хоёр хувааж үзэх ёстой. Намайг захирлаар ажиллаж байх хугацаанд ТЭЗҮ, судалгаа болон үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан мөнгө гээд эхний хэсэг. ТЭЗҮ хийгдээд, ажил эхлэх гэж байхад намайг сольсны дараа 2016 оноос хойш зургаан жилийн хугацаанд ямар хүмүүс, хэдэн төгрөгийг яаж зарцуулсан бэ гээд хоёр дахь хэсэгт хуваах ёстой. Зээлийн зарцуулалтыг ийм хоёр хэсэгт хувааж ярих ёстой.
-Түр хорооны хурал дээр Хөгжлийн банкнаас 10.6 сая ам.долларыг танай төсөл авсан гэж мэдээлсэн. Та захирлаар ажиллаж байхдаа энэ мөнгөнөөс судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, үйл ажиллагааны зардалд хэдийг нь зарцуулав. Д.Одхүү захирлыг хариуцаж байх хугацаанд хэдэн төгрөгийг зарцуулсан бэ?
-Үндсэндээ судалгаа, ТЭЗҮ-гийн бүх ажлыг бид бэлэн болгоод, зөвхөн ажил эхлэх л үлдээд байв. Энэ бүх зардалд би явах хүртлээ 7 сая ам.доллар л зарцуулсан байсан. Намайг явуулснаас хойш 3 сая ам.доллараар юу хийснийг нь би мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар онцгой судалгаа хийгдээгүй. Яагаад гэвэл тийм зүйл хийх шаардлагагүй. Манай баг шаардагдах бүх ажлыг хийж гүйцэтгээд байсан юм. Чиний хэлсэн шиг хэдэн хүмүүс цалин аваад сууж байгаа юм байлгүй. 3 сая ам.долларын зарцуулалтыг дараагийн удирдлагуудаас нь асуу. Ямар ч байсан эхний 7 сая ам.долларыг бодитой ажилд зарцуулсан. Зарцуулалтыг нь нэг бүрчлэн тайлагнасан, бүгд хянагдсан.
Харамсалтай нь Хөгжлийн банкны шинэ удирдлагууд дутуу мэдээлэлтэй байна лээ. Түр хорооны хурал дээр оффис түрээс болон цалин хөлсөнд л зарцуулсан байна лээ гэж хариулж байсан. Харамсалтай байна. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийсэн юм бэ гэдгийг судалж үзэхгүйгээр ийм марзан хариулт өгч байгаа нь ажлаа мэдэхгүй. Эсвэл ажлаа муу хийж буйн илрэл.
-Ийм мэдээллийг авсан олон нийт үнэхээр тэгсэн юм байна гэдэг ойлголт авсан байх. Яг цалинд хэд, оффис түрээст хэдийг зарцуулдаг байсан юм бэ. Үнэхээр үнэтэй машин аваад тансаглаад байсан юм биш биз?
-Тэр нарийн юм бол бүгд санхүүгийн тайланд тусгагдсан байгаа. Тэндээс үзээрэй. Гэхдээ оффист түрээс төлөөд ажил хийх нэг хэрэг. Эсвэл юу ч хийхгүй компьютер тоглоод суух бол өөр хэрэг. Аливаа мега төслийн төсөл хөгжүүлэх зардал гэж тусдаа бий. Одоо цаас гэж яриад байгаа ТЭЗҮ-ийг манай баг бэлэн болгосон. ТЭЗҮ байхгүйгээр дэлхийн ямар ч том банк ийм мега төслийг санхүүжүүлэхгүй. Бид заавал хийсэн байх ёстой энэ ажлыг л хийсэн. Энэ бол зүгээр нэг цаас биш. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжиж эхлэх л юм бол энэ хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болно. Бусад төрийн өмчит компаниудын авсан чанаргүй зээлүүдээс Эгийн голын усан цахилгаан станцын зээл бол шал өөр. Тэд өөрийн чинь хэлснээр том машин аваад уначихсан, тансаглачихсан байх магадлалтай. Манай төслийн хэрэглэж байсан машинуудыг одоо болтол төр л ашиглаж байна. Би эсвэл манай төслийнхөн машинаа аваад явчихаагүй. Ядаж энэ зээлийн нэрийг зөв өгөх ёстой. Энэ зээл найдваргүй зээл биш.
-Хөгжлийн банкныхан чанаргүй зээлийн ангилалд багтаасан нь энэ төслийн зээл эргэн төлөгдөхгүй байгаа учраас л энэ ангилал руу оруулчихаад байгаа юм л даа?
-Аливаа төсөл хэрэгжээд эхэлсний дараа эргэн төлөгдөх талаар ярихаас биш төсөл нь эхлээгүй байхад зээл нь эргэн төлөгдөхгүй байна гээд ярих нь утгагүй шүү дээ. Хэрэгжээд эхэлсэн нөхцөлд энэ төсөл өртгөө нөхнө. Ийм жишээг холоос биш ойроос хайх хэрэгтэй. Хойд хөршүүдийн барьсан усан цахилгаан станцууд өртгөө нөхчихсөн. Одоо тэдний зардал тэг байна. Ийм мега төслийн төсөл хөгжүүлэхэд зарцуулсан мөнгө төслөө хэрэгжиж эхлэх хүртэл түр зуур зээл хэлбэртэй байдаг болохоос биш үүнийг бусад төрийн өмчийн компаниудын авсан муу зээлтэй адилтгаж болохгүй. Ядаж ангиллыг нь өөрөөр нэрлэ. Энэ зээлийг эргэн төлөлтгүй, найдваргүй, чанаргүй зээл гэж хэлж байгаа бол зээл олгосон банкныхан ч ойлголтгүй байна. Шалгаж байгаа Засгийн газрынхан ч ойлголтгүй байна гэсэн үг.
"Засгийн газар энэ төслийн зээлийг хариуцах ёстой"
-Засгийн газар мега төслийнхөө өрийг бүрэн хариуцах ёстой гэж хэлж байна уу?
-Тийм. Эргэн төлөгдөхгүй зээл гэж нэр өгч байгаад үүгээрээ дамжуулаад улс төр яриад байх чинь марзан байна.
-Танай төслийн баг хоёр дахь ТЭЗҮ-г боловсруулсан. Энэ ТЭЗҮ магадгүй маргаашаас усан цахилгаан станц барих ажил эхэллээ гэхэд шууд ашиглахаар хангалттай мэдээлэлтэй, бүрэн гүйцэд ТЭЗҮ болж чадсан уу?
-Ийм төслийн ТЭЗҮ-г дэлхийн хэмжээний нэр хүндтэй том компаниуд судалгаанд үндэслээд боловсруулдаг. ТЭЗҮ-д хэн нэгэн баталгаа гаргадаггүй юм. ТЭЗҮ хийсэн том компаниуд өөрийнхөө байгууллагын нэр хүндээр баталгаа өгдөг юм. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ хийсэн компанийн олон жилийн туршлага, дэлхийн нэр хүнд нь баталгаа болж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд түүнд нь итгэж санхүүжүүлдэг юм. Бид оролцож, суралцаж, Монголоос өгөх ёстой шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч оролцсон болохоос биш ТЭЗҮ-г монголчууд дангаараа боловсруулаагүй юм. Энэ ТЭЗҮ-г Франц, Бельгийн инженерингийн дэлхийд алдартай том компани болох Трактебел хийсэн. Энэ компани тухайн үед ранкаараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байсан. Монголд биш, Одхүүд биш. 200 гаруй жилийн түүхтэй 600 гаруй усан цахилгаан станц барьсан энэ том компанид итгэдэг юм. Өөрөөр хэлбэл, энэ компанийн гаргасан зураг төсөлд итгэж барилгын ажил эхэлдэг юм.
-ТЭЗҮ боловсруулахад маш их судалгаа хийгдсэн гэсэн. Манай талаас ямар компани, ямар эрдэмтэн судлаачид оролцов. Өмнөх ТЭЗҮ-ийг хийхдээ орхигдуулсан ямар судалгаануудыг нэмэлтээр хийв?
-Усан цахилгаан станцын төсөл маш олон судалгааг хийж байж бэлэн болдог. Би төслийг хариуцаж байхдаа ЗГ-ын долоон яамтай холбоотой, хамтарч ажилладаг байсан. Хамгийн эхлээд төсөл хэрэгжих цэгт хүрэх зам гүүр, дэд бүтцийн ажлын судалгаанаас эхэлнэ. Өмнөх ТЭЗҮ-д төсөл хэрэгжих цэгт хүрэхийн тулд 135 км зам, том жижиг 15 гүүр барихаар тусгасан байсан. Бид дахин нарийн судалгаа хийгээд 72 км зам, 4 гүүр барихаар ТЭЗҮ-дээ тусгасан. Ингэхдээ замаа дагуулаад эрчим хүчээ тавих шийдлийг оруулж өгсөн. Зөвхөн эндээс 43.9 сая ам.долларын хэмнэлт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, судалгааг маш сайн хийснээр зөвхөн энэ дэд бүтцээс л ийм хэмжээний мөнгө хэмнэж болдог. Энэ төсөл түүх соёлын өв устаж үгүй болно гэдэг үндэслэлээр 2007 онд зогсож байсан удаатай. Тэгвэл археологийн судалгааг 5 том байгууллагын 500 гаруй судлаачид хийж 440 түүх соёлын өвийг аварч хамгаалсан. Энэ бүгд холбогдох судалгаа хийсэн байгууллагуудад манай төсөл дээр данстайгаар хадгалагдаж байна. Эгийн голын усан цахилгаан станцыг барьсны дараа бид Эгийн голын хөндийд, яг далангийн хажууд нь энэ түүх соёлын өвийг дэлгэн тавих хамгийн орчин үеийн музей байгуулна. Энэ бол жуулчдыг татах маш гайхалтай музей болно.
-Усан цахилгаан станц гэхээр гадна дотны нөлөөтэй эсэргүүцэгчдийн ярьдаг хамгийн эхний зүйл бол байгаль орчны тэнцвэрт байдал. Загас, жараахай устаж үгүй болно гэдэг асуудал. Эгийн гол дээр усны талын ямар судалгаанууд хийгдэв?
-Эг нь Хөвсгөлөөс эх авдаг цэнгэг устай гол учраас энд Монгол Улсын нийт тул загасны бараг 60-70 хувь нь амьдардаг гэсэн судалгаа байдаг. Эгийн гол дээр усан цахилгаан станц, далан барьснаар тул болон бусад усны амьтдын амьдралд хэрхэн нөлөөлөх талаарх маш нарийн судалгааг бид гурван жилийн хугацаанд хийсэн. Үүнд АНУ-ын эрдэмтэд, манай тул хамгаалах сан тэргүүтэй маш олон хүмүүс, байгууллагууд оролцсон. Эндээс бидэнд Эгийн гол дээр усан цахилгаан станцыг барихад усны амьтдад хор хохирол учруулахгүй гэсэн дүгнэлтийг өгсөн. Харин эхний хэдэн жил түрсээ шахах гэж гол өгсөж ирсэн загаснуудыг хиймэл нуур руу ороход хүндрэлтэй гэсэн. Бид үүнд зориулж устай цахилгаан шат бүхий загас өнгөрүүлэх төхөөрөмж хийхээр ТЭЗҮ-дээ багтаасан байгаа.
-Өөр ямар төрлийн судалгаанууд хийгдэв?
-Ус, загасны судалгаанаас гадна хөрс, ой мод, амьтны судалгаа хийлгэсэн. Энэ бүгдийг цогцоор нь судалж байж усан цахилгаан станцын төсөл хэрэгждэг. Ойн судалгааг бид агаараас орчин үеийн технологиор дижитал зураг авахуулж хийсэн. Энэ зургаас нүүлгэн шилжүүлэх, тайрах гээд модыг нэг бүрийг харж ангилсан. Мөн палеонтологи, соёлын, газар хөдлөлт, мөсний судалгааг ч хийлгэсэн.
-Энэ олон өргөн цар хүрээтэй судалгаануудыг хийх судлаачид, судалгааны байгууллагын сонгон шалгаруулалтаа ямар байдлаар хийсэн бэ?
-Манай тендерийн хууль бол маш ярвигтай. Хэрвээ энэ тендерийн хуулиар явсан бол 10 жил хийгээд ч бид дуусгаж чадахгүй. Гэхдээ манай төсөл тендерийн хуулиас илүү судалгаатай, шударга зарчмаар хийгдсэн. Жишээлбэл, аж ахуйн болон бусад туслах үйл ажиллагаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багадаа таван томоохон компаниас бичгээр үнийн санал авдаг байсан. Ирүүлсэн үнийн саналууд дээр нь тус тусад нь үнэлэлт дүгнэлт өгөөд 9 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ руу оруулж шийдвэр гаргуулдаг байсан. Одхүү ганцаараа нөгөө найман хүнд нөлөөлөх ямар ч боломжгүй. ТУЗ зөвшөөрсөн нөхцөлд л ажил гүйцэтгүүлнэ. Төсвийг нь Хөгжлийн банк, яамныхан хянадаг байсан. Ажил гүйцэтгэсэн тайланг нь авч хянасны дараа санхүүжилтийг нь олгодог байсан. Гэхдээ ийм төрлийн үйлчилгээний зардал маш цөөхөн байсан.
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед таныг ТЭЗҮ хийж байх үед энэ төсөл нэг хөдлөнгөө алдсан. Хятадууд нэг тэрбумын хөнгөлөлттэй зээл манайд өгөөд эндээс 700 гаруй сая ам.долларыг нь Эгийн голын усан цахилгаан станц барих ажилд зарцуулахаар байсан ажил яагаад зогсчихсон бэ?
-Манайд хуулийн зөвлөхөөр ажилласан Хоган Ловлесс компанийн тусламжтайгаар манай төслийн нэгж Засгийн газрын авсан нэг тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг хийсэн. Бид сайн ажилласан учраас хэлцэл амжилттай болж манай дарга нар очиж гарын үсэг зурсан. Харамсалтай нь Хятадуудад Оросууд нөлөөлсний улмаас урд хөрш энэ зээлээс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхгүй гэж хэлээд зогсоочихсон юм. Түүнээс биш энэ төсөл чи, би, Монголд байгаа хэн нэгнээс шалтгаалаад зогсчихсон юм биш.
-Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор тухайн үед таныг хуулийн байгууллагаас шалгасан уу?
-2016 онд миний ажлыг авсны дараа Хөгжлийн банкнаас Ардчилсан намынхан төсөл нэртэй мөнгө идэж, уусан гэнэ. Бүх төслийг нь шалгана гээд прокурор, цагдаа, АТГ-ын ажлын хэсэг гарсан. Манай төслийн бүх бичиг цаас, хард диск зэргийг нь цагдаа ачиж аваачаад шалгасан. Намайг хоёр жил хагас шалгасан. Цагдаа дээр олон дуудагдаж очсон. Зөвхөн намайг биш нягтлан, бүх ажилчдыг ч гэсэн дуудсан байна лээ. Бидэнтэй хамт ажил хийсэн судлаач багш нарыг, судалгаанд оролцсон оюутнуудыг хүртэл шалгасан байсан. Маш сайн шалгаж, шалгаж байгаад буруутгах юм олдохгүй болоод орхисон гэж ойлгосон.
-Танай төслийн нэгжийн боловсруулсан ТЭЗҮ үнийн дүнгийн хувьд өндөр болсон уу. Тухайн үед тийм яриа гарч байсан байх шүү?
-Намайг дуудаж шалгасан цагдаад би та нар намайг өндөр үнээр ТЭЗҮ хийсэн гэж үзээд байгаа юм уу гэсэн чинь “тийн” гэж байна. Тэгэхээр нь би 1994 онд боловсруулсан ТЭЗҮ-г дөрвөн жилийн хугацаанд боловсруулсан. 5.2 сая ам.доллараар зөвхөн ТЭЗҮ л хийсэн. Яахав, тухайн үедээ сайн болсон ч гэсэн маш олон судалгаа дутуу, биднийхээр бол шаардлага хангахааргүй ТЭЗҮ болсон байсан. Үүнийг хэвийн гэж үзэж байгаа юм бол энэ мөнгийг 20 жилийн дараа инфляц, ам.долларын ханшийн өсөлтийг нь тооцоход хамгийн багаар бодоход 8-9 сая ам.доллар болж байна лээ. Гэтэл 2014 онд ТЭЗҮ боловсруулахдаа нийт бүх зардлуудыг санхүүжүүлэхэд 7.3 сая ам.доллар л болсон. Гэтэл бид энэ мөнгөөр ганц ТЭЗҮ хийгээгүй. Бүх төрлийн судалгаа, амьтан, ургамал тэргүүтнийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх зардлууд хүртэл оруулсан юм. Үүнийгээ байцаагчдаа хэлэхэд "Үнэхээр хэлэх юм алга. Та энэ төслөө заавал хэрэгжүүлээрэй" гээд намайг явуулсан. Тэр цагаас хойш миний байцаалт дууссан даа.
-Хөгжлийн банкны зарим зээлтэй холбоотой хэргүүдийг сүүлийн үед сэргээж шалгаж байгаа. Энэ дунд таныг шалгасан уу. Дуудаж асууж байна уу?
-Үгүй. Магадгүй одоо шалгаж байгаа хүмүүс нь арай мэдээлэлтэй, ойлголттой байгаа юм байлгүй.
"Засгийн газар хоорондын хэлэлцээрт Оросуудаас зөвшөөрөл ав гэсэн юм огт байхгүй"
-Танай төслийн цалингийн зардал их өндөр байсан гэх мэдээлэл байдаг. Төслийн нэгжийн захирлын сарын цалин хэд байсан юм бэ?
-Миний сарын цалин 5 сая гаруй төгрөг байсан. Би чинь муу ч, сайн ч 8 жил УИХ-ын гишүүн байсан. Энэ төслийн эхний цааснаас эхлээд эхний багийг би бүрдүүлсэн. Энэ төслийн ТЭЗҮ-г босгосон хүн чинь би. Ямар ч улс төрийн шахаагүйгээр мэргэжлийн баг бүрдүүлээд энэ ажлыг хийж чадсан. Тиймээс би гайгүй цалин өгөхгүй бол ийм том мега төслийг барьж авахгүй шүү дээ. Бусад иймэрхүү төслийн захирлууд сарын 10 мянган ам.доллар байдаг. Минийх бол 2 мянган ам.доллар орчим л байсан. Миний дараа томилогдсон Отгонсүх гэж нөхөр юу ч хийгээгүй хэрнээ надтай адил цалин авч л байсан. Дараагийн хүмүүс ч гэсэн яг ийм цалин л авсан. Би ганцаараа ийм цалин аваагүй.
-Таныг сольсон шалтгаанаа тухайн үед юу гэж тайлбарлаж байв?
-Мэдэхгүй. Ардчилсан намын Одхүү гэж нөхрөөр ийм мега төслийг хийлгэхгүй гэж үзсэн юм байлгүй. Инженерийн том төсөл дээр хүний эрхийн хуульч тавьчихсан байна лээ.
-2016 оноос хойш энэ төсөлд ямар ахиц гарав?
-Надад байгаа мэдээллээр бол манай багийг тарааснаас хойш Юнескогийн дэлхийн өв гэдэг хуралд ганц хоёр хүн суусан гэсэн. Тэд бол угаасаа Оросын лоббитой байгууллага. Өөрсдийнхөө дүрмийг хүртэл зөрчиж байгаад Оросын талд алх цохиж байсан. Би үүнийг нь эсэргүүцэж дээд байгууллага руу нь албан бичиг явуулж л байлаа. Хоёрдугаарт, байгалийн олон төрөл зүйлийн судалгаа гэж хийгээд долдугаар сард танилцуулах гэж байгаа юм билээ. Танайхаар дамжуулаад хэлчихье. Та нар асуудлаа ойлгохгүй байж дефакто юм битгий хийгээд бай. Наад судалгааг чинь хийлгэх ямар ч шаардлага байхгүй. Энэ судалгааг чинь 3 жил хийдэггүй юм аа. Нарийвчилсан усны судалгаа байхад үгүй гэж байгаа Оросууд наад 600 км усыг дээрээс нь харсан, ийм төрлийн судалгааг хараад болно, болохгүй гэж хэлэхгүй. Ийм марзан юманд мөнгө зарчихаад үлгэрт итгээд суугаад байж болохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээрт Оросуудаас зөвшөөрөл ав гэсэн юм огт байхгүй. Ийм сайхан бэлэн болчихсон ТЭЗҮ-тэй төсөлд чинь дэлхийн банк санхүүгийн байгууллагаас мөнгө олдоно. Би хор болохгүй дэмжээд явна. Хэрвээ ажил болгож чадвал дөрвөн мөчөө өргөөд дэмжинэ. Зургаан жилийн хугацаанд та нар бидний зарцуулсан төсвийн талыг зарцуулчихаад ганц ч судалгаагүй, ямар ч ажил эхлээгүй байна. Ядаж ЗГ хоорондын уулзалт дээр очоод энийг барина гээд хэлчих зоригтой аавын хүү ч гарч ирсэнгүй. Гэхдээ бид энэ төслийг заавал хэрэгжүүлнэ. Заавал хийх ёстой. Энэ бол аль нэг намтай, хүнтэй холбоотой асуудал биш. Монголын эрх ашигтай холбоотой төсөл.
-30 жилийн хугацаанд гурван удаа барих гэж оролдоод бүтэлгүйтлээ. Өнгөрсөн намар ОХУ-ын ЗГ-ын орлогч Абрамченко хүртэл ирээд бариулахгүй гэж хэлчихээд явлаа. Гадны нөлөөллөөр явахгүй байгааг бид бүгд ойлголоо. Тэгвэл яаж энэ нөлөөллийг давах вэ. Танд ямар гарц харагдаж байна?
-Оросуудаас баръя гэж асуухаар бариулахгүй л гэж хэлнэ. Ойлгомжтой биз дээ. Уучлаарай, бид тусгаар улс учраас бид энэ станцаа барина гээд хэлээд сууж байх ёстой. Та нар ямар хууль, журмаар бариулахгүй гээд байгаа юм бэ гээд асуухаар тэдэнд хэлэх үг олдохгүй.
"Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад ороход Байгаль нуурын усны түвшинд ердөө 0.0023 хувь л нөлөөлнө"
-Тэдний хэлдэг шалтаг нь Байгаль нуур, байгаль орчинд хөр хөнөөлтэй гэж гүрийх байдаг?
-Манай төсөл Байгаль нуурын экологийн асуудлыг маш их цаг зарцуулж, Оросуудаас дутуугүй судалсан. Оросууд хоёр утгагүй юм хэлдэг. Тэд Байгаль нуурын сав газар гэдэг нэр томьёо гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ нуур руу ордог бүх гол энэ нуурийн савт хамаарна гэсэн үг. Энэ судалгааны нэр томьёо мөн үү гэвэл мөн. Гэхдээ эрх зүйн нэр томьёо биш. Эрх зүйн нэр томьёо бол үр дагавар дагуулдаг юм. Монголын нийт голын 60-70 хувь нь Байгаль нуурын сав газарт орно. Гэтэл энэ бүх голууд дээр ямар нэгэн төрлийн юу ч барьсан хамаагүй манайхаас зөвшөөрөл ав гэдэг зүйлийг бидэнд тулгасан. Оросуудын шаардаж байгаагаар Туул гол дээр далан барихдаа тэднээс зөвшөөрөл авах гэнэ. Монгол, Оросын хилийн усны хэлэлцээрээр хил даван урсаж байгаа гол дээр аливаа зүйл барих бол хоорондоо мэдээллээ солилцоно гэж заасан. Зөвшөөрөл авна гэж нэг ч үг байхгүй. Дээрээс нь голын сав газар гэж байхаас, нуурын сав газар гэдэг нэр томьёо манайд ч, Орост ч байхгүй. Гэтэл Оросууд энэ бүгдийг нулимаад явж байна.
Хоёрдугаарт, чиний асуудаг Байгаль нуурт хортой нөлөөтэй гэдэг юм аа ярьдаг. Үүнд зориулаад би ганцхан тоо хэлье. ОХУ усан цахилгаан станцуудынхаа хиймэл нууруудын усны түвшингийн хэлбэлзлийг баталдаг. Байгаль нуураас ганцхан Ангар мөрөн урсан гардаг. Тэр гол дээр ОХУ дөрвөн цахилгаан станцтай. Энэ дөрөв нийлээд 10000 мвт буюу манай улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээг 10 дахин нугална. Тэгвэл эхний асуулт. Хэрвээ байгаль нуурт хортой юм бол Оросууд яагаад дөрвөн том цахилгаан станц барьж байгаа юм бэ. Өөрсдийнх нь тайлбараар Байгаль нуураа хордуулж байгаа гэсэн үг үү. Хоёрдугаар асуулт. Эрхүүгийн усан цахилгаан станц нь Байгаль нуур Ангар мөрний яг хүзүүвч дээр байрлаж байгаа. Байгаль нуур нь Эрхүүгийн цахилгаан станцын хиймэл нуурын үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, байгалиас үүсчихсэн байсан Байгаль нуурыг хиймэл нуур болгож ашиглаад Оросууд цахилгаан үйлдвэрлэж байна. Тэгвэл ОХУ-ын ЗГ хиймэл нуурын түвшингийн хэлбэлзлийг хамгийн сүүлд 2 метр 41 см дотор байхад болно гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, Эрхүүгийн цахилгаан станцын хиймэл нуурын үүргийг гүйцэтгэдэг Байгаль нуурийн усны түвшин 2 метр 41 см дотр хэлбэлзэж болно гэсэн үг. Тэгвэл манай Эгийн голыг бүхэлд нь хаагаад усыг нь өөр тийшээ урсгаад явлаа гэхэд Байгаль нуурын усны түвшинд ердөө 8 см л нөлөөлнө. Гэтэл усан цахилгаан станцтай Эгийн гол Байгаль нуурын усны түвшинд ердөө 0.0023 хувь л нөлөөлнө гэж манай зөвлөх, дэлхийн хэмжээний компани тооцоолсон. Өнөөдөр 0.0023 хувь дутуу очсон ч маргааш усны түвшин нь 0.0023 хувиар өсөөд очно гэсэн үг. Товчхондоо Оросуудын цахилгаан станц, эрчим хүчний бодлого хэтэрхий дээрэнгүй байна.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бариулахгүй. Байгаль орчин сүйднэ гээд хэсэн малчид үе үе эсэргүүцээд байгаа. Бидэнд барьчихсан усан цахилгаан станцууд ч байна. Үнэхээр энэ станц байгаль орчиндоо хортой нөлөөлж, экологийн тэнцвэрийг алдагдуулдаг юм уу?
-Энэ хоёр талтай. Иргэд мэдээлэлгүй учраас мэдэхгүй байгаа юм. Энэ нь тэдний буруу байх. Нөгөө талаас нь харвал хийх гэж байгаа ажлаа иргэддээ ойлгуулж чаддаггүй, мэдээлэл өгдөггүй төрийн буруу. Ингээд иргэд, төр гэсэн хоёр зүйлийн нийлбэр зовлон болж байгаа юм. Ядаж манай Эгийн голын УЦС-ын төслийг яаж хийснийг нь судлах хэрэгтэй. Сүүлийн үед тэнд оршин суудаг иргэд “Усан цахилгаан станцаа бариач ээ. Яагаад барихгүй удаад байгаа юм бэ” гэж биднээс бараг нэхэж байгаа шүү дээ. Яагаад гэвэл бид хүн бүр, айл болгонтой тулж уулзсан. Нөхөн төлбөрийг нь ханатай хэмжээнд барьсан. Агаарын зураг хийгээд хэдэн мал, хэдэн хүн, хэдэн айл байгааг бүрэн судалчихсан. Ингээд бүх тооцоолол гарчихсан учраас нэг хүн, нэг айлын нүүлгэн шилжүүлэх зардлыг маш тодорхой, бодитойгоор гаргаж чадаж байгаа юм. Мөн нутгийн иргэдийг Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг хоёр ч удаа зохион байгуулсан.
-Эрчим хүчний салбар маш их алдагдалтай байна. Энэ хэвээрээ явбал хязгаарлалтад орно гэх яриа ч байна. Энэ алдагдалд тохируулгагүй байдал их нөлөөлдөг юм билээ. Усан цахилгаан станцад тохируулга хийдэг, цахилгаанаа хуримтлуулдаг гэдгээрээ цахилгаан станцын хамгийн оновчтой шийдэл гэдэг. Усан цахилгаан станц баригдсанаар манай эрчим хүчний салбарт ямар эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гарсан бэ?
-Уг нь хэрэглээнээсээ өмнө эрчим хүчний үйлдвэрлэл нь ядаж 10-15 жилийн өмнө явах ёстой. Гэтэл манайх зэрэгцэж явдаг. Магадгүй бүр хоцроод эхэллээ. 1990-ээд оны үед бид хоцорсон учраас хязгаарладаг байсан юм. Одоо яг тэр байдал руугаа буцаад явж байна. Бид яаралтай суурь горимын станцууд барих ёстой. Алдагдлыг багасгахын тулд тохируулга хийх шаардлагатай. Энэ тохируулгыг усан цахилгаан станц барьж байж л шийддэг юм. Орой, өдрийн савалгаа чинь алдагдал үүсгэдэг. Хэрэглээ, савлагааны алдагдлыг нөхдөг ганц станц нь усан цахилгаан станц. Яахав, газотурбинный цахилгаан станц тохируулга хийдэг ч манайд газ байхгүй. Эгийн голын усан цахилгаан станцыг барьчихвал Монгол Улсын усны болон цахилгааны ойрын 100 жилийн асуудлыг шийднэ. Тиймээс энэ төсөл ямар нэгэн юмны тэргүүн оочерт байх юм уу, үгүй гэдгийг бүгд бодох л хэрэгтэй.
"Эгийн голын усан цахилгаан станц надаас хойш үлдэх ёстой, би үлдээх ёстой"
-Монголд асар хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татах үр ашигтай ТЭЗҮ байна уу гэвэл байна. Тэгвэл ОХУ-ын дарамт шахалтыг даваад энэ төслийг босгохын тулд монголчууд бид ямар үйлдэл хийх ёстой юм бэ?
-Нэг сонин юм байгаа. Намайг сольсон 2016 оны ЗГ-аас эхлээд бусад бүх ЗГ-ууд Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээрээ Эгийн голын усан цахилгаан станцыг барина гэж бичиж гарч ирдэг. Одоогийн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт ч байгаа. Ерөнхий сайд нь саяхан Эгийн голын усан цахилгаан станцаа баръя гээд л. Эрчим хүчний сайд нь Эгийн голын усан цахилгаан станцыг барихын төлөө явна гээд л яриад байна лээ. Ярих биш, үйлдэл хийгээд явах ёстой. Нэг тэрбумын хөрөнгө оруулалт татаад энэ төслийг нэг удаа эхлүүлэнгээ алдсан. Гэтэл тэр үед Оросууд Хятадуудад хүсэлт тавиад Хятад, Монголын ЗГ-ын хэлэлцээрт нөлөөлж чадсан. Энэ бол ОУ-ын түүхэнд ичгэвэртэй явдал болсон. Зориулалтыг нь бид тохирчихоод МУ-ын ЗГ-аар оруулаад, дараа нь УИХ-аар оруулаад энэ зээлийн 720 сая ам.доллараар нь Эгийн голын усан цахилгаан станцыг барина гээд шийдвэр гаргачихаад байхад Хятадууд нөлөөнд автаад “Бид энэ төслийг санхүүжүүлэхгүй” гэж хэлчихсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын дундуур гуравдагч орон орно гэдэг дипломат ёсны хамгийн аймаар бүдүүлэг явдал. Тэр үед жаахан сэргэлэн Засгийн газар байсан бол яахаараа хоёр улсын ЗГ хоорондын асуудалд Оросууд оролцдог юм бэ гээд асуудал тавих ёстой байсан. Гэтэл юу ч ярилгүй бүлх залгичихсан юм шиг сууж байгаад зогсоолгочихсон. Тиймээс би юу гэж харьж байна гэхээр хоёр хөрш том асуудал дээр нийлээд биднийг нясалчихдаг юм байна. Тэгвэл одоо гуравдагч хөрш, гуравдагч талтай ярих ёстой. Тийм улс дэлхий дээр Норвегиос эхлээд зөндөө байна. Надад энэ талаар судалж байгаа юм байна уу гэвэл байна. Би гарснаасаа хойш хоосон хаяагүй. Би энийг угаасаа барьчихаад л үхнэ гэж боддог хүн. Одоо энэ Засгийн газар яриагаа ядаж ажил хэрэг болгоод Эгийн голын усан цахилгаан станцыг барих нэгжээ байгуулаад энэ дээр одоо хэн тусалж болох уу гээд судал. Тэгээд алив Одхүү гэж "дурак" байна уу, нааш ир. Чи энэ төсөл дээр мэддэг чаддаг юм аа хэл гээд ажлаа эхлүүлэх ёстой. Гэтэл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд надтай нэг ч хүн энэ асуудлаар холбогдсонгүй. Нэг ч асуулт асуусангүй. Өөрсдөө мэддэг юм байлгүй гэхээр мэдэж байгаа нэг ч хүн алга. Бүгд тас харанхуй улс. Эрдэнэбүрэн дээрх мөнгө төгрөг нь бэлэн төслийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг л шийдэж чадахгүй бараг жил болох гэж байна эд нар. Ийм байхад эд нартай юу ярих юм бэ. Бүх санхүүжилт нь бэлэн байгаа энэ төсөл дээр ингэж байгаа хүмүүс өчнөөн "асуудалтай" Эгийн гол дээр яах юм бүү мэд. Эхлүүлье гэдэг санаагаа гаргаад ирвэл хийж болох алхам зөндөө байна. Санаа ч байна. Эгийн голын усан цахилгаан станцын зээл бол хамгийн зөв, хамгийн ач холбогдолтой зээл. Ашиг нь хэд дахин үржигдэж Монголд орж ирнэ гэдэг тайлбарыг өгөхөд би бэлэн байна.
-“Эгийн голын усан цахилгаан станцыг би барьж байж дуусна” гэдэг үгийг би танаас хэд хэдэн удаа сонсож байлаа. Энэ төсөл танд ямар ач холбогдолтой вэ? Мэдээж улс оронд маш хэрэгтэй төсөл.
-Тэгнэ. Үүний төлөө л зүтгэж байна. Хүн энэ орчлонгоос явахад нь хоёр зүйл л үлддэг гэж би боддог. Нэгдүгээрт, чиний ген буюу үр хүүхдүүд үлдэнэ. Хоёрдугаарт, хүн ямар нэгэн юм бүтээж үлдээх ёстой. Тэр бол мөнгө биш. Эрх мэдэл биш. Нэр алдар биш. Сайнаар ч, муугаар ч бай хамаагүй бүтээсэн зүйл л үлддэг.. Италид барьж байгаад дутуу хаячихсан хазгай байшин байдаг. Тэрийг нь 100 жилийн турш хүмүүс хэзээ нурах юм бол оо гэж ирж харсаар байгаад жуулчдын хөлд дарагдсан үзэсгэлэн болчихсон. Үүн шиг сайн муу, бүх зүйл үлдэцтэй. Ах нь Эгийн голын усан цахилгаан станц надаас хойш үлдэх ёстой, би үлдээх ёстой гэж үздэг. Тиймээс л би энийг хийе гэж байгаа юм. Хэрвээ энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө явбал энэ засгийг сөрөг хүчин байсан ч хамаагүй алга ташаад дэмжээд явна. Хэрвээ хийж чадахгүй бол газар дор ортол шүүмжлээд явахаас өөр арга алга. Цалин өгөхгүй байсан ч хамаагүй. Би энэ төсөлд манаачаар ч байсан ажиллана. Зарчим бол ийм л байна. Нөгөө талдаа мэддэг хүмүүсийг нь оруулахгүйгээр энэ төсөл явахгүй. Монгол Улс одоогоор энэ чиглэлээр тийм ч их задгай тавьчихсан олон боловсон хүчинтэй улс биш. Энэ олон жил бэлтгэгдээд, бэлдээд ирсэн хүмүүсээ ашиглах л хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцсан танд талархал илэрхийлье. Баярлалаа
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
Г.Лхагвадорж