УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт баруун бүс нутгийн ноолуурын үнэ төвийн болон зүүн бүсээс хоёр дахин хямд байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд ханджээ.
Тэрбээр албан бичигтээ “Баруун бүсийн аймгуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаа нь бусад нутгаас хоцорч эхэлдэг бөгөөд энэ үед боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авах хугацаа дуусаж байдаг. Мөн тус бүс нутгийн ноолуурын чанар, үндсэн үзүүлэлтүүдтэй холбоотойгоор үнийн хувьд зүүн болон төвийн аймгуудаас харьцангуй хямд байсаар ирсэн.
Энэ жилийн хувьд Монгол Улсаас анхан шатны боловсруулалт хийгдсэн ноолуур болон бэлэн бүтээгдэхүүн худалдан авдаг гол зах зээлүүдэд хил хаалттай, тээвэр логистикийн хямралт байдал үүссэн зэргээс шалтгаалж эрэлт тодорхой хэмжээгээр буурсан нь ноолуур бэлтгэлийн үнэ ханшид нөлөөлж, баруун бүсийн ноолуурын үнийн зөрүүг улам ихэсгэх шалтгаан болж байна.
Иймээс цаашид баруун бүс нутгийн ноолуурын үнийн зөрүүг багасгах, малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс тодорхой хувиар нь баруун аймгуудаас ноолуур бэлтгэх шаардлагыг тавих, үүнд зориулсан хяналтын тогтолцоог бий болгох, ноолуурын чанар болон бэлтгэлийн системийг сайжруулах шаардлагатай байна” гэжээ.