Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр 20 тэрбумын үнэлгээтэй зоорийг улсад 25 тэрбумаар шахсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхлан нар ам муруйлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Б.Жавхлан сайдаа та 5 тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж байна гэнэ үү, ингэвэл Монгол Улс хөгжих юм уу. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад ийм байдаг юм бэ" хэмээлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Улсын төлөвлөгөө ярьж байна шүү Д.Ганбат гишүүнээ. Та хувь хүн рүү дайрч байгаа бол танд хариулъя. Энэ асуудлыг хэсэг бүлэг хүмүүс улстөржүүл, над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Энэ танхим дотор орж ирээд хэлж байгаа бол та бас тэр хүмүүсийн дунд байгаа юм байна гэж ойлголоо. Наадах чинь улсын төсөл, төлөвлөгөөнд орсон зүйл огт байхгүй. Тэр хувийн компани хаана юу гэж ярьж явсныг би мэдэхгүй. Надад тэнд орооцолдох ямар ч шалтгаан шаардлага байхгүй. Харин тэрийг нь улстөржүүлж, над руу бүлэглэн зохион байгуулалттай дайрч байгаагийн дотор та бас байгаа юм байна. Та энэ мэдээллээ эцэслэж, нягталж, шалгаж энд орж ирж хэлээрэй" хэмээлээ.