Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Бид өндөг, тахианы мах, бүр давсаа хүртэл импортоор авч байна. Бид алийн болгон хүний гар харах юм бэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой!" гэж онцоллоо. Тэрбээр “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, эрүүл амьдрах хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал асуудал болж байна.

Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Цар тахал нүүрлэснээс үүдэн хил гаадийн хориг тавигдсанаас хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болон хувирч байна. Энэ нь цаашид улс орны тогтвортой хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Өнөөдөр бордооны үнэ түүхэн дээд үнэд хүрээд байна.

Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ огцом өсөж, бага орлогтой иргэдийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэллээ. Дэлхийн зах зээл дээр хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ 43 хувиар, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 23 хувиар өссөн байна. НҮБ-ын судлагаагаар 123 сая хүн хүнсний хомсдолд орсон байна.

Энэ нөхцөл байдал цаашид ч үргэлжлэхийг судалгааны байгууллагууд анхааруулсаар байна. БНХАУ-ын хүнсний дотоодын хэрэгцээ 2030 он гэхэд буурах үзүүлэлттэй байна. Казахстан улс одоогоор хүнсний дотоодын хэрэгцээгээ хангадаг ч цаашид эрсдэл үүсэх нөхцөл байдал үүссэн учир гурлын хэрэглээнд цензур тогтоогоод байна.

Энэ мэт дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдалд онц байдал үүсээд байна.

Эрхэм төрийн түшээд ээ, манай улс хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүн импортоор худалдан авсан байна. Мах, гурил, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Олон жилийн нөр их хөдөлмөр.

Гэвч өндөг, тахианы мах, зарим төрлийн нарийн ногоо, бүр давсаа хүртэл импортоор авч байна. Бид алийн болгон хүний гар харж амьдрах юм бэ. Тиймээс УИХ, Засгийн газрыг өндөр хариуцлагатай ажиллахыг сануулж байна. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний болон бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна. Өрх бүрээрээ хүнс үйлдвэрлэгч, эх орноороо хүнс экспортлогч болохын төлөө аард түмнээрээ нэгдэн нийлж хамтран зүтгэцгээе" гэлээ.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгч мэдээлэл хийж байна
ЧУУЛГАН: Ерөнхийлөгч мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.