Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батхүү: Банкуудаас нэг хувийн шимтгэлээ нэхэмжилсэн иргэд ШҮҮХ дээр ЯЛАЛТ байгуулсаар байна

Ангилал
Эдийн засаг Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 46 секунд

Арилжааны банкууд зээл судалсны шимтгэлд тухайн зээлийн нэг хувийг авах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хуульч О.Батхүү Монголбанканд шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч түүний эл шаардлагад ямар нэг хариу арга хэмжээ авах боломжгүй гэж Монголбанкнаас мэдэгдсэн байна. Тиймээс тэрбээр ШӨХТГ-т хандаж, уг асуудлыг шалгаж өгөхийг хүссэн юм. Түүний хүсэлтийг ШӨХТГ-аас шалгаж тун удахгүй хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Ингээд Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны дарга, олон улсын өмгөөлөгч О.Батхүүтэй уг асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Монголбанкны зүгээс энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авах боломжгүй гэсэн хариуг танд өгсөн гэсэн. Яг ямар үндэслэл дурдсан юм бол?

-Арилжааны банкууд нь чөлөөт зах зээлийнхээ зарчмаар хүүгийн хэмжээ, шимтгэл болон бусад зардлыг тогтоох эрхтэй. Манай байгууллага дотоод үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй гэсэн. Үүнтэй би санал нэгдэхгүй байгаа. Яагаад гэвэл, Банкны тухай хуульд арилжааны банк зээлийн хүүг өөрөө тогтоох эрхтэй гэж заасан. Гэхдээ шимтгэл болон хураамж нь үндэслэлгүй бол цуцлах эрхтэй гэдэг заалт хуульд ч бий. Монголбанкны журманд ч заасан.

-Тухайн зээлийн хэмжээнээс хамаарч нэг хувийн шимтгэлийн тоо дээш, доош хэлбэлздэг. Банкууд нэг хувийг доош буулгах боломжтой гэдгээ илэрхийлж байсан юм болов уу?

-Зарим арилжааны банкууд 0.5-0.8 хувийн шимтгэл авч болно гэсэн. Гэхдээ хувь буурсан ч заавал авах ёстой зүйл биш гэж сая хэлсэн. Өөрөөр хэлбэл, банк таны зээлийг судласныхаа төлөө нэг хувийн шимтгэл авч байна гэж тайлбарладаг. Гэтэл та банкны зээл авах гэж хэдэн удаа банк ордог билээ. Өмнө нь бол маш олон төрийн байгууллагаар орж тодорхойлолт авдаг байсан. Энэ бүхэнд иргэдээс маш их зардал гардаг байсан. Тэгвэл энэ зардлаа банкнаас нэхэмжлэх эрхтэй гэсэн үг. Яагаад гэвэл, таны авчирч өгсөн материалын дагуу зээл гарах боломжтой эсэхийг судалж байгаа биз дээ. Нөгөө талаасаа технологи хөгжснөөс үүдээд ихэнх зээлийн материалыг онлайнаар хүлээн авах боломжтой болсон. Та өөрийнхөө материалыг банк руу илгээлээ. Автомат тооцооллоор таныг зээл авах боломжтой эсэхийг тооцдог болсон. Тэгвэл ийм хялбар болсон зүйл дээр хүртэл нэг хувь авах нь зүйд нийцэхгүй.

-Хэрвээ нэг хувийн шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн банк зээл олгох боломжгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр хуульд энэ талаар юу гэж заасан байдаг юм бол?

-Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр банкууд нийлж байгаад зээл авч буй хүмүүсийг хясан боогдуулж байна гэж үзэж байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Орон сууцны зээл авахтай холбоотой бүх баримтыг зээлдэгч өөрөө гаргаж байгаа. Харин банкны зээлийн эдийн засагч байран дээр очиж нэг удаа зураг авдаг. Гэтэл яагаад ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байгаа юм бэ. Ямар ч үндэслэлгүй биз дээ. Уг нь тухайн банк харилцагчдаа зээл олгоод түүний хүүгээр ашиг олдог биз дээ. Гэтэл хүүгийн хүү, алданги гэдэг ашиг дээрээ нэг хувийн шимтгэл авч ашиг олж болохгүй.

-ШӨХТГ-аас өмнө нь энэ асуудлыг хэд хэдэн удаа шалгасан. Гэвч хэрэг шүүхэд шилжээд эцэстээ ШӨХТГ нь иргэдийг төлөөлөх эрхгүй байна гээд хэргийг хаасан шүү дээ. Одоо асуудал дахиад гацахгүй гэх баталгаа бий юу ?

-Хэрвээ банкууд хууль зөрчсөн давуу байдлаа ашигласан гэсэн дүгнэлт гаргавал үлдсэн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Арилжааны банкуудын хувьд Монголбанкны журмыг дагасан гэж тайлбарладаг. Өмнөх маргааны хувьд Монголбанкны журамтай холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд дуудагдсан. Шүүх процесс үргэлжилсээр эцэстээ иргэдийг төлөөлөх эрх байна уу, үгүй юү гэдэг дээр очоод мухардчихсан. Гэтэл Захиргааны Ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээ тогтоосон акт буюу Монголбанкнаас гаргасан журамтай холбоотой олон нийтийг төлөөлж шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл, 2016 оны есдүгээр сард батлагдсан хуулиар гэсэн үг. Тиймээс таны асуусан гацаа дахин үүсэх эрсдэл байхгүй гэж ойлгож болно. Дараагийн нэг зам нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломж. Гурван шатны шүүхэд ялсан иргэд "Банк надаас нэг хувийн шимтгэл авсан. Үүнийгээ зээл судласны шимтгэл гэж тайлбарласан. Гэтэл ийм зардал гараагүй" гээд шүүх дээр тайлбарладаг. Тэгэхээр банк нь яагаад ийм хэмжээний зардал гарсан бэ гэдгээ нотлож чаддаггүй. Тиймээс үндэслэлгүйгээр нэг хувийн шимтгэл авсан байна гээд иргэдийн талд шийдвэр гаргаж байгаа. Дээр нь ШӨХТГ банкуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Одоогоор хэчнээн иргэн шүүхэд хандаж, хэд нь ялалт байгуулсан бэ?

-Арав гаруй иргэн шүүхэд хандсан. Тэд бүгд ялалт байгуулж шимтгэлээ буцааж авсан. Тиймээс иргэдэд боломж бий. Нэгдээд шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Нийт хэчнээн иргэнээс нэг хувийн шимтгэл авсан гэдгийг тооцоолж судлаж үзсэн үү?

-Сүүлийн үеийн судлагаагаар 202 тэрбумын зээл гаргасан гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн ипотекийн зээл шүү. Үүний цаана цалингийн, тэтгэврийн, ахуйн хэрэглээ гээд маш олон төрлийн зээл бий.

-Нийгэмд маш олон асуудал хөндөгдөж байдаг. Гэхдээ яагаад энэ сэдвийг сонгосон юм бол?

-Миний харснаар ипотекийн зээлтэй 80-90 мянган хүн байна. Хүн бүр хуулийн мэдлэгтэй байх албагүй. Хуулийн мэдлэгтэй байлаа ч 500 мянгаас нэг сая төгрөгийн буцаалт авах гэж гурван шатны шүүхээр 2-3 жил явах боломжгүй. Хуульч хүнийхээ хувьд банкуудын хууль зөрчиж, иргэдийг хохироож буй асуудлыг нийгмийн сайн сайхны төлөө өмгөөлж байна. Тиймээс энэ асуудлаар эхлээд Монголбанканд хандах ёстой гэж үзсэн. Монгол банк 1.3.17 дугаар заалтыг хүчингүй болгох ёстой. Монголын арилжааны банкуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байна. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу. Хуульд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй. Үнэхээр зээл судалсны шимтгэл гэж авч байгаа бол зээл нь бүтээгүй хүнээс ч төлбөр авах ёстой. Тэгэхээр зөвхөн зээл нь бүтсэн хүнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь болохгүй зүйл. Банк өөрийн үйл ажиллагааны зардлыг иргэдээс гаргуулж болохгүй. Монгол Улсын Банкны тухай болон бусад холбогдох хуулиудад энэ шимтгэлийг авч болно гэсэн заалт байхгүй.

Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ
Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.