Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны шашинт сүм хийдүүдийн холбоо, Буяны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилгын талаар мэдээлэл хийлээ. Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж "Бурханы шашин, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг шинэчлэхээр Төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн. Гэхдээ энэ нь бурханы шашны онол номыг өөрчилнө гэсэн үг биш. Тодруулбал, лам нар чуулганаа хуралдуулж, дотоод сонгуулиар тэргүүнээ сонгодог болох юм. Энэ талаар олон ч удаа бичиг өгсөн. Мөн Монголын бурхан шашинтны шинэ төв байгуулагдаад олон ажил хийсэн Д.Чойжамц хамбыг албан тушаалаас нь огцруулах нь зөв үү, цаашид хэвээр нь үлдээх үү гэдгийг олон нийтээс асуусан байна лээ.
Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж, тавдугаар сарын 16-н буюу зуны эхэн сарын билэгт сайн өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордны бага танхимд 14.00 цагаас бурхны шашны шинэчлэл нэртэй онол практикийн хурал болно. Хийдүүдийн хамба лам, эрдэмтэн судлаачид оролцох юм. Бурхны шашны хөгжил, алдаа, оноо, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.
Тухайн өдөр үргэлжлүүлэн тус ордны их танхимд 15.00 цагаас Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан соёл урлагийн цэнгүүн болно. Морин хуурын чуулга тоглолт болж, цамын бүжиг хийх юм. Үйл ажиллагаа үнэ төлбөргүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.
Сануулахад, Бурхан багшийн их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болоод буй. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.