Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тансаг барилгын гадаа ТҮЦ байршуулж болохгүй. Харин эгэл боргуудын замыг нь хааж боогоод ОВООЛСОН Ч БОЛНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, "Шангри Ла" худалдааны төвийн хажууд ТҮЦ байршуулсан явдал Улаанбаатарчуудын нүдийг орой дээр нь гаргаж, амыг нь ангайлгав. Бараг л ТҮЦ гэдгийг анх удаа харж байгаа юм шиг.

Эс бөгөөс хотын хамгийн тансаг эд бараатай, мөнгөтэй хүмүүсийн зорин очдог барилгын гадаа ТҮЦ хэмээх жижиг амбаар байршуулсан нь аймшигтай муухай харагдсандаа ч юм уу.

Юутай, фэйсбүүкийнхэн "Бүхэл бүтэн "Шангри Ла"-гийн гадаа шүү. Явган хүний зам хаалаа" гэж ирээд хоёр цаг гаруй ам уралдан шуугив. Үр дүнд нь "чих хатуу" өнөө төрийн албаныхан тухайн өдрийнх нь орой гүйж очих нь халгүй шахуу нөгөө ТҮЦ-ийг нүүлгэчихэв. БРАВО. Төрийн албаныхан ч гайхалтай дуулгавартай хүмүүс юм, фэйсбүүкийнхэн ч хүчтэй юм.

Гэвч бид бүхэн нэг зүйлийг огт анзаарсангүй.

ТҮЦ хэмээх жижиг амбаар аль социализмын үеэс Монголын хөрсөнд соёолж эхэлснээс эхлэн ардчилсан нийгэм батжих үед хотын булан тохой бүрт ТҮЦ тухлах болсон. Эл салбарын цаад эздийн олонх нь аль нэг байгууллагын хурган дарга эс бөгөөс цагдаагийн хурандаа мөрдэстөн гэх. Харин үлдсэн цөөн хэд нь гутлын улаа эргүүлэх шахам байж тусгай зөвшөөрөл авсан эгэл иргэд байдаг байлаа.

Нэг үгээр хэлбэл, хурган дарга нар нийтийн эзэмшлийн зам талбайн газар дээр ТҮЦ байршуулчихаад хотоос тусгай зөвшөөрлийг нь авч нэг амбаараа багадаа 300 дээшээ 550 мянгад түрээслүүлдэг байсан баримт хэд хэдэн ил болж байв. Тиймдээ ч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр эрхлэх боломжтой болсон үйлчилгээний төрлүүдийн нэг нь ТҮЦ юм.

Тэгвэл "Шангри Ла"-гийн гадаах ТҮЦ нь явган хүний зам дээр байрлуулсан. Мөн авто машины үзэгдэх орчныг хязгаарласан байсан шалтгаанаар нүүлгэж байв. Уг шалтаг, шалтгаан уг нь маш зөв, зүйтэй үйлдэл мэт.

Үгүй, гэхдээ байж байгаарай. Улаанбаатар хотын явган хүний зам дээр байршуулсан ТҮЦ ганцхан энэ байсан билүү.

Үгүй ээ, худалч хүнд бараг тав алхаад л хэд л бол хэдээр нь эгнүүлэн байршуулсан ТҮЦ гэх амбаар Өргөө кинотеатрын урд талбайгаас эхлээд Ардын эрхийн автобусны буудал, Хангай хотхоны дөрвөн замын уулзвар, 100 айл, Сансарын клонк, Сансарын нүхэн гарцтай хэсэг, Долоон буудал, 32-ын тойрог, Баянхошууны шинэ, хуучин эцэс, Жанцангийн автобусны буудал, Ханын материалын автобусны буудал, Толгойт, Орбит, Саппороагийн автобусны буудал, Хар хорин, Амгалан гээд эгэл борог амьдрал өрнөдөг бүхий л газарт байна.

Тэнд байршуулсан ТҮЦ-ийн олонх нь явган хүний зам дээр байршуулсан. Бүр хоёр хүн зөрөх боломжгүй болтол нь шахсан нь ч олон бий.

Тэгвэл энэ бүхэн хотын стандартад нийцээд, иргэдийн эрхийг хамгаалж байгаа хэрэг үү гэж фэйсбүүкийнхэн болон хот, дүүргийн удирдлагуудаас асууя. Нэг үгээр хэлбэл, хотын хамгийн тансаг барилгын гадаах өргөн талбайд ТҮЦ хэмээх жижигхэн амбаар байршуулбал хотын стандарт зөрчиж, явган хүний эрхийг зөрчсөн үйлдэл.

Харин гэр хорооллын автозам дагуух явган хүний нарийнхан замыг хаах шахуу ТҮЦ байршуулбал хотын стандартад нийцээд, явган хүний эрхийг харин ч дээдэлсэн болчихдог юм байна, тийм үү.

Ерөөсөө хотын стандарт гэдэг зүйл бидэнд ингэж л харагддаг болж. Ингэж, ийм байж болно гэж үү гэдэг асуултыг хүн бүхэн өөрөөсөө асуугаад үзээрэй. Жич, энд "Шангри Ла"-гийн гадаа ТҮЦ байршуулах ёстой гэж хэлэх гэсэнгүй гэдгээ энд цохон тэмдэгье. Жичийн жич: Цувралаар байршуулсан фотонд дурдагдсан эл ТҮЦ-нүүдийг нүүлгэх ёстой гэдэг утгаараа зургийг нь байршуулаагүйг тодотгоё.

Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ
Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.