Япон улсын “Goi Peace” сан нь ЮНЕСКО-ийн Японы үндэсний комисс, Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам, “Seiko Holding” корпораци болон холбогдох бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр “2030 оноос өөртөө ирүүлсэн захидал” сэдэвт эссе бичлэгийн тэмцээн зохион байгуулж байна.
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ:
Зорилго: Энэхүү тэмцээний гол зорилго нь энх тайван, тогтвортой хөгжлийг залуучуудын эрч хүч, бүтээлч байдал болон шинэ санаачилгаар дамжуулан хөхиүлэн дэмжихэд оршино. Уг тэмцээн нь хүн бүр хэрхэн дэлхий ертөнцөд эерэг өөрчлөлтийг бий болгож чадах талаар эргэцүүлэн бодож залуу сэтгэлгээнээс суралцах явдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Сэдэв: "2030 оноос өөртөө ирүүлсэн захидал”
Таны төсөөллөөр дэлхий ертөнц одоогоос 10 жилийн дараа ямар байх вэ? 2030 онд дэлхий дээрх нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг ямар байгаа талаар болон та өөрөө нийгэмд ямар байр суурь эзлэж, юу хийж байгаа тухай захидалдаа дурдан 2020 онд амьдарч буй өөртөө захидал бичээрэй. Түүнчлэн, ирээдүйгээс өөртөө хэлэх аливаа чухал мэдээ, мессежийг захидалдаа дурдаж болно.
Хамрах хүрээ: Тэмцээнд 25 нас хүртэлх залуучууд оролцох боломжтой бөгөөд 14 нас хүртэлх насны хүүхдүүд, 15-25 насны залуучууд гэсэн хоёр ангилалд явагдана.
Эссе бичлэгт тавигдах шаардлага:
• Эссе нь англи франц, испани эсвэл герман хэл дээр 700-аас дээшгүй үгтэй эсвэл япон хэл дээр 1,600-аас дээшгүй тэмдэгттэй байна.
• Эссег онлайнаар эсвэл шуудангаар хүргүүлж болно. Онлайнаар илгээхдээ DOC/DOCX, PDF өргөтгөлтэй явуулна.
• Эссенд дараах мэдээллийг агуулсан нүүр хуудсыг заавал хавсаргана. Үүнд:
1. Нэр
2. Ангилал (хүүхдүүд, залуучууд)
3. Нас (2020 оны 6-р сарын 15-ны өдрөөр)
4. Хүйс
5. Иргэншил
6. Хаяг
7. Цахим шуудангийн хаяг
8. Утасны дугаар
9. Сургуулийн нэр (хэрэв сурагч/оюутан бол)
10. Эссений гарчиг
11. Хэл
12. Үгийн тоо
Мэдээлэл дутуу бол эссег хүлээж авахгүй.
• Эссе нь тухайн оролцогчийн өөрөө зохиож бичсэн, нийтлэгдээгүй бүтээл байх шаардлагатай. Зохиогчийн эрхийг зөрчсөн, өөр эх сурвалжаас хуулбарласан эссег тэмцээнээс хасна.
• Эссег тухайн оролцогч бие даан бичсэн байх шаардлагатай. Бусадтай хамтран бичсэн эссег хүлээн авахгүй.
• Тэмцээнд ирүүлсэн эссений зохиогчийн эрхийг зохион байгуулагчид эзэмшинэ.
Хугацаа: Эссе хүлээн авах эцсийн хугацаа нь 2020 оны 6-р сарын 15-ны өдрийн 23:59 цаг болно.
Шагнал: Шагналыг ангилал тус бүрд гардуулна.
• 1-р байр: Сертификат, 100,000 иен буюу ойролцоогоор 900 ам.доллар (1 хүнд)
Нэгдүгээр байранд шалгарсан оролцогчдыг 2020 оны 11-р сард Япон улсын Токио хотноо болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулан Боловсролын сайдын шагналыг мөн гардуулна. Зохион байгуулагчид замын зардлыг хариуцна.
• 2-р байр: Сертификат, 50,000 иен буюу ойролцоогоор 450 ам.доллар (2 хүнд)
• 3-р байр: Сертификат, бэлэг (5 хүнд)
• Тусгай байр: Сертификат, бэлэг (25 хүнд)
Шагналт байранд шалгарсан оролцогчдыг 2020 оны 10-р сарын 31-ний өдөр тодруулж Goi Peace сангийн цахим хуудсанд байршуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.