Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Монголд зарагдаж байгаа бүх ЭМИЙН чанарыг шалгах ШИНЖЭЭЧ томилж, шалгалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг өргөн барьж буйгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд батласан. Энэ хүрээнд гүйцэтгэлийн аудитыг Үндэсний аудитын газраас хийхэд эм, эмнэлгийг тусгай хэрэглэх үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн 84,1 хувь нь ДЭМБ-ийн стандартын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Харин эмийн чанарт сорьц тавьж үзэхэд, дотоодод үйлдвэрлэгдэж байгаа эмийн 18,6 хувь нь, импортын эмийн 6,1 хувь нь стандартын шаардлага хангахгүй, эрүүл мэндийн даатгалаар олгогдож байгаа эм, эмэн бүтээгдэхүүний 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн. Үүнийг бүхэлд нь дүгнээд үзэх юм бол зах зээл дээр борлуулагдаж байгаа эмийн 14 хувь стандартын шаардлага хангахгүй, чанаргүй байгаа бол 19 хувь нь ямар нэг бүртгэлгүй байна. 1665 онд байгуулагдсан Эм шалгах лаборатори гэж бий. Энэ байгууллага 2015 онд өөрчлөгдөж, МХЕГ-ын харъяа болсон. Гэвч ихэнх тоног төхөөрөмж нь эвдэрсэн, хэрэгцээнээс хасагдаж, урвалж байхгүй гэсэн нөхцөл байдалтай байна. Ийм газарт л Монгол Улсын хилээр нэвтэрсэн болон дотоодод үйлдвэрлэгдэж байгаа эмийн чанарыг шалгахад ийм дүгнэлт гарсан гэхээр бодит байдал ямархуу байгаад та бүхэн дүгнэлт хийгээд үзээрэй. Тиймээс Түр хорооны ажлын хүрээнд шинжээч томилж, сорьцын шалгалтыг бүх шатанд хийнэ. Хэрвээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь батлагдвал шат дараатай арга хэмжээ авна. Яагаад энэ асуудлыг тавьж байна вэ гэхээр, ард иргэд дотоодынхоо үйлдвэрийн эмийг хэрэглэдэг. Гэтэл төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй. Гадаадын эм уухаар харьцангуй өөр үр дүн үзүүлдэг. Эмийн чанар өөр байгаа нь эндээс харагдана.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Монголын эмч нар мэргэжлийн хувьд мундаг сайн. Гэтэл эм нь чанаргүй байх юм бол эмчилгээ бүрэн төгс болохгүй. Тиймээс тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Бид хямд үнэтэй эм гэдэг малгай дор тендер зарлаж ирснээс болж 30 жил эмээр монголчуудыг хангаж ирлээ. Угтаа бол чанартай эмээр долоо хоног эмчлэхэд л болох ёстой. Гэтэл чанар муу эмээр 14 хоног эмчлэхээр өвчний эдгэрэлтэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ асуудлыг ярихаас аргагүй” гэлээ.

МҮБХ: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг журмын дагуу шийдвэрлэнэ
МҮБХ: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг журмын дагуу шийдвэрлэнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.