Өчигдөр /2020.04.15/ Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хоёр өвчтөнд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн тул эхний ээлжинд хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийж эерэг буюу халдвар авсан гэх хариу гарсан билээ. Харин өнөөдөр Лабораторийн буюу PCR шинжилгээгээр тус 2 өвчтөн халдваргүй болох нь тогтоогдсон юм.
Уг асуудлаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Юуны түрүүнд хүмүүсийг сандрааж, айлгаж цочроосондоо уучлал гуйж байна. Манай эмнэлгийн сэхээнд хэвтэн эмчлүүлж буй 88 настай өвчтөн маань хавдрын дөрөвдүгээр зэрэгт орчихсон, туяа эмчилгээ хоёр гурван удаа, хими эмчилгээ зургаа долоо удаа хийж, дархлаа нь их дарангуйлагдсан байсан. Хүүхэд нь Оросоор явж байгаад ирсэн гэсэн түүхтэй. Дээрээс уушги нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол. Хоёр, гурван удаа хатгаа аваад эдгэхгүй байсан. Харин нөгөө хүн нь арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул мөн л сэжиглээд, коронавирус байгаа эсэхийг шалгах ч ёстой байсан. Энэ хүн хэвтэн эмчлүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, COVID-19 тест (+), ПСР (-) гэдэг нь одоо вирусгүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай ба вирусийн эсрэг эсрэгтөрөгч үүссэн байж болно.
Мөн бид тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд (-) гарсан. Энэ нь хятадад шинээр гарсан МедИмпекс тестийг бид ЭМЯ-нд өгсөн. Манай эмнэлэгт 300 гаруй хүн хөл, хорионд орсон. Бид шаардагдах арга хэмжээг авч тэдгээр хүмүүсийг өрөө тасалгаа, хоол ундаар хангасан" гэлээ.