ЭМЯ-наас Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. Мэдэгдлийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ерөнхий багц мэдээлэл өглөө. Тэрээр:
"Бид өмнө нь Ковид-19 халдварын тархалт эрчимжиж байгааг сараар нь авч үздэг байсан бол одоо өвчлөл ердөө 10 хоногт хэдэн зуун мянгаараа нэмэгдэж байна. Ковид-19 нь дэлхий нийтэд тархаж байсан урьд урьдын цар тахлуудыг бодвол тархалт хурдан, хамрах хүрээ өргөн байна. Ерөнхийдөө уг халдвар 2-3 дахин эрчтэй явагдаж байна" гэж мэдээллээ.
Мөн өчигдөр "Сонгдо" эмнэлэгт хурдавчилсан оношлуураар авсан хоёр иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан билээ. Харин дараа нь зориулалтын PCR төхөөрөмжөөр шалгахад сөрөг гарсан юм. Тэгвэл хурдавчилсан оношлуур нь уураг илрүүлдэг оношлуур бөгөөд түүнийг ДЭМБ-аас Ковид-19-ийг илрүүлэхэд одоогоор ашигладаггүй болохыг Д.Нарангэрэл хэлсэн юм. Хариу эерэг гарсан хоёр иргэний хувьд харшил, халдварын өвчтэй байсан тул уураг харьцангуй өндөр байж, шинжилгээний хариу эерэг гарсан байх талтай аж.
Иргэдэд Ковид-19-тэй холбоотой тусламж, зөвлөгөө өгөх 119 утсыг 24 цагаар ажиллуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр тус утсанд 24 цагийн дотор 396 дуудлага ирсэн бөгөөд тэдгээрийн 70 хувь нь "Сонгдо" эмнэлгийн оноштой холбоотой байжээ.