"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Иргэн Ч.Мөнхбаярыг хууль бусаар цагдан хорьж байна. Хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, эсвэл дахин гэмт хэрэг хийх нөхцөл байдал нь тогтоогдсон, өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан, тогтсон гэр оронгүй хүнийг цагдаагийн байгууллагаас хорихоос өөр аргагүй байдаг.
Ч.Мөнхбаярын тухайд түүний гэрийн хаяг тодорхой, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сэтгүүлч хүн. Мөн дээрээс нь энэ хүнийг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг гадаадад худалдаж, цуглуулж, дамжуулсан гэх үндэслэлээр яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар Агнуулын ерөнхий газар болжээ. Тагнах асуудлаа тагнаж чадахаа больсон байна. Эсрэгээрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж дуугардаг хүмүүсийг агнадаг газар болсон байна" гэв.