Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ: ОХУ-аар дамжуулан тээвэрлэлт хийж буй ААН-үүд бараагаа устгалд оруулах эрсдэл гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдэд дараах анхааруулгыг гаргала.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудын ачаалалтай байдлаас шалтгаалан үндэсний аж ахуйн нэгжүүд импортын бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан татан авах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна. Манай аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтуудыг хангалттай сайн судлаагүй, улмаар эдгээр зохицуулалтуудыг биелүүлээгүй зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүнээ хураалгах, улмаар устгалд оруулах эрсдэл гарч байна.

ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 8-р сарын 7-ны өдрийн 778 тоот “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2014 оны 560, 2015 оны 320, 2016 оны 305, 2017 оны 293, 2018 оны 420, 2019 оны 293 болон 2020 оны 730" тогтоолуудаар Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, үхэр, гахай, загасны мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, самар болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №290 тоот зарлигаар хориг арга хэмжээ авсан орнуудаас зарим нэр төрлийн барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд гагцхүү ОХУ-ын нутаг дэвсгэрээр хоригт багтсан бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу цахим навигацийн хэрэгсэл “Пломб”-ыг тавиулах зохицуулалтыг танилцуулсан. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн №290 тоот зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № 1877 тоот тогтоолыг батласан бөгөөд тус тогтоолоор Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журам, Олон улсын тээвэрлэлт хийж буй жолоочид “тооцооны хуудас” олгох журам, Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу Пломб буюу лац тавигдах шаардлага, пломб тавих хилийн боомтууд-ын зохицуулалтыг батласан.

Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журмын 3-19 дэх зүйлийг зөрчсөн тохиолдолд барааг оруулсан маршрутаар буцаан гаргах, бусад тохиолдолд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн "ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай" 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгалд оруулах зохицуулалт мөрдөгдөж байна.

Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын хил дээр саатах, хураагдах нөхцөл байдал цаашид ч үүсэхээр байгаа өнөөгийн нөхцөлд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийхэд шаардлагатай дээрх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.

LRT төслийг дэмжээгүйд “бухимдсан” 24 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд СУУХГҮЙ
LRT төслийг дэмжээгүйд “бухимдсан” 24 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд СУУХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.