Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "ТЭЗҮ нь бэлэн Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хөндсөн LRT хөнгөн галт тэргийн асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс төсвийн байнгын хороонд унагаав. Тэгсэн хэрнээ Увс аймагт төсвөө тавиад явж байна.
Увсын иргэдийн амьдрал чухал, Улаанбаатарын иргэдийн амьдрал чухал биш юм уу.
Яагаад нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаад зоригтой ажиллаж болдоггүй юм. Хэрэв LRT хөнгөн галт тэргийн төслийг төсвийн байнгын хороо дахиж хэлэлцэхгүй бол төсвийн тодотголыг дэмжихгүй.
Хотоос сонгогдсон Түр хорооны 24 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе" гэв.