Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлахаар болсон. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь нь санал гаргаж, Хянан шалгах түр хороог байгуулах журамтай. Үүний дагуу түр хороо байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны байнгын хороодын ажлын хэсгүүдээс ялгарах тал нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол. Гэрчийг дуудна, шинжээч томилно үүний дагуу шаардлагатай тохиолдолд хянан шалгагчийг цуглуулна. Нотлох баримт дээр суурилж ажиллана. Түр хороо буух үед тайлан нь олон нийтэд нээлттэй танилцуулагдана.
Үр дүнг иргэд олон нийт хамтарч нэхдэг байх ёстой. Түр хорооны гишүүдээс ажлын төлөвлөгөөний саналыг авч байна. Ирэх долоо хоног гэхэд саналыг авч дуусаад ямар дэс дарааллаар явах талаар ярилцана. Бидний зорилго бол удааширсан зээлийн эргэн төлөлт, явц байдлыг шалгана. Мөн өр зээлээ төлүүлэх, үүсээд буй хууль зүйн асуудал, процессийг зөв явуулах явдал. Бидний хувьд нотлох баримтуудыг уудалж гаргах нь гол зорилго. Ингэснээр болоод буй процессийг тал бүрээс харах боломжийг иргэд, олон нийтэд олгоно. Хөгжлийн банкин дээр засан сайжруулах ажил явагдаж байна. Албан ёсоор бидний ажил эхлээгүй байгаа.
Тавдугаар сард хийх ажлуудынхаа бэлтгэл ажлыг дэс дараалалтайгаар бэлтгэнэ. Ингэхдээ нотлох баримтыг шинэчлэн судлах сонсголыг хийнэ. Хуучин бид ердийн сонсголыг хийдэг байсан. Тэгэхээр энэхүү сонсголоор нотлох баримтуудад тайлбар, үндэслэлийг сонсоно. Мэдээллийг ил болгох тал дээр ажиллана гэсэн үг.
Хамгийн түрүүнд өмнөх ажлын хэсгийн тайлан дүгнэлттэй танилцана. Дараагаар тодруулах үйл баримтыг цуглуулна. Түр хорооны даргын хувьд эл асуудалд ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хандахгүй. Ер нь эрх баригч улс төрийн хүчний хувьд энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага байгаа. Учир нь бид сонгуульд орохдоо л шударга ёсыг тогтооно, үргэлжлүүлнэ гэж зорилгоо тодорхойлсон. Тэгэхээр тэмцлийн маань гол чиглэл нь Хөгжлийн банкны асуудал.
Магадгүй зугатаад, бултаад байгаа байгаа хүмүүсийн асуудлыг ч гаргаж ирж болох юм. Ингэхдээ олон нийтийн шахалттайгаар энэ асуудлыг шийдүүлэх ёстой. Хөгжлийн банкны асуудал улс төр, бизнесийн орчинд ямар давуу эрх байгаа юм, ямар хүмүүс тэгш бус байдлыг бий болгож байгаа зэргийг харуулсан. Дараа дараагийн удаа мөнгө цаастай холбоотой асуудалд орооцолдохгүй байх, татвар төлөгчдийн мөнгөнд яаж гамтай хандах ёстой вэ гэдэг нь Хөгжлийн банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна.
-Аливаа албан тушаалтныг дуудахад ирэхгүй байвал хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцно.
-Түр хорооноос ямар нэг байдлаар тогтоол гаргах, асуудал тавихад байнгын хороо руу оруулах эрх бий юу?
-Түр хороо дотоод ажлынхаа хүрээн дэх асуудлаар тогтоол гаргана. Түр хорооны хэлэлцэх сэдэв, үйл ажиллагааг эдийн засгийн байнгын хороо УИХ-д оруулахдаа хэдийнэ тодорхойлчихсон. Гадагш үүрэг даалгавар өгөх байдлаар бид тогтоол гаргахгүй. Харин гэрчээр дуудахад ирэхгүй байгаа тохиолдолд ямар ч албан тушаалтанд Зөрчлийн болон Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэх нь хуулиараа баталгаажчихсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол ирэх ёстой. Эхнээс нь зөв явуулахад Түр хороо анхаарах хэрэгтэй.