ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр.
Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл шинэ коронавирусний нөхцөл байдлын талаарх ерөнхий, тойм мэдээллийг өгсөн юм. Тэрээр:
"ОХУ-д Ковид-19-өөр 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан байна. Улан-Үдэд сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмж бүртгэгдсэний 2 нь хүүхэд байна. Ингээд тус хотод нийт 86 тохиолдол бүртгэгдлээ. Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Тухайлбал, үсчний газрыг хоорондоо 1,5-2 метрийн зай барих, 15 минут тутамд агааржуулагчаа нээн агаарын солилцоо явуулах зэрэг шаардлагуудыг хангаж ажиллуулахыг зөвшөөрчээ. Тус улсад өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алмата, Нур-Султан хотод голомтлон тархаж байна" гэлээ.
Мөн Сингапур улсад сүүлийн үед өвчлөл огцом нэмэгдэж, халдварын 386 тохиолдол бүртгэгдсэн нь гадаадаас ирсэн иргэд халдвар тарааснаас болжээ. Тухайлбал, Сингапур улс гаднаас ирсэн иргэдийг гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн ч, иргэд дагаж мөрдөлгүй гадуур явж, халдвар тараасан байна. Тиймээс манай улсын хувьд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгай байранд, хянан тусгаарлаж байгаа нь маш зөв шийдвэр гэдэг нь үүнээс харагдаж байгааг онцолсон юм.