МОНГОЛБАНК: МИК-ийн үйл ажиллагаа бид бүгдийн бодож олсон хамгийн оновчтой ТОГТОЛЦОО
Огноо
Унших
3 минут 54 секунд
"Монголын ипотекийн корпораци" ипотекийн зээлд зуучлал үзүүлсэнийхээ төлөө зээлийн хүүгийн 2-3 хувийг нь авдаг гэх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Тэрбээр "Банкууд ипотекийн корпорациар дамжуулан орон сууцны зээлийн санхүүжилтийг хийдэг. Энэ хооронд 2.9-3 орчим хувийн нэмэгдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох ипотекийн зээл 8 хувиар иргэдийн гар дээр очдог. Одоогоор 6 хувийн хүүтэй болж байгаа ч 1.6 орчим хувийг нэмэгдэл болгож, шимтгэл маягаар ипотекийн корпораци авдаг. Гэтэл санхүүжилтийн эх үүсвэр болох Монголбанк 1 хувийн хүүтэй эх үүсвэр олгож байхад иргэдийн гар дээр 8 хувь болж очдог байсан. Одоо 6 хувь болсон" хэмээсэн юм.
Тэгвэл энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголын ипотекийн корпораци" бол арилжааны банкнуудын хувь нийлүүлж байгуулсан хувийн өмчит хуулийн этгээд. Тиймээс төв банк үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Ипотекийн зээл нь 20-30 жилийн урт хугацаатай байдаг учир тодорхой эрсдэлийг дагуулдаг.
"Монголын ипотекийн корпораци" тухайн зээлийн багцыг үнэт цаасжуулах үйл ажиллагааг эрхэлдэг. Энэ хүрээнд тодорхой шимтгэлийг авдаг. Энэ шимтгэл ипотекийн зээлийн хүү 8 хувиас 6 болж буурснаас хойш харьцангуй буурсан. Одоогийн байдлаар МИК-ийн үйл ажиллагаа бол бид бүгдийн бодож олсон хамгийн оновчтой тогтолцоо байна. Гэхдээ энэ ипотекийн зээлийн тогтолцоог илүү боловсруулж, засаж сайжруулах шаардлагатай байгаа. Ипотекийн 6 хувийн зээлийн эх үүсвэрийн зардал ойролцоогоор 4.5-4.6 хувь болно. Үүн дээр МИК нь эрхэлдэг үнэт цаасжуулах зардал, үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Ойролцоогоор 0.6 хувь нь эрсдэлийн сангийн шимтгэл болж байгаа" гэв.
Харин Монголын ипотекийн корпорацийн захирал Б.Гантулга "Арилжааны банкнаас тусгай зориулалтын компаниар дамжуулж, зээлийн багцыг багц болгон худалдан авдаг. Ингэхдээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу тусгай зориулалтын компани үүсгэж, тухайн банкнаас зээлийг шилжүүлэн худалдаж авдаг. Тусгай зориулалтын компанид үүссэн зээлийн багцыг баталгаат буюу үнэт цаас болгох ажиллагааг МИК хийдэг. Арилжааны банкнуудаас зээлийг авахдаа зөрүүлээд баталгаат бондыг банканд өгдөг. Арилжааны банкууд манайхаас авсан бондоороо Монголбанкнаас авсан эх үүсвэрээ төлдөг юм. Тэгэхээр энэ процессын үр дүнд энэ хөтөлбөр маань тасралтгүй үргэлжлэх боломжийг хангадаг. Улмаар энэ үр дүнд 90 мянган айл өрх 5,6,8 хувийн ипотекийн зээл авч чадсан байна. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наядын ипотекийн зээл гарсан. 80 хувь нь хөнгөлөлттэй, 20 хувь нь арилжааны банкуудын эх үүсвэрээр зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээлүүд байна.
Мөн энэ хөтөлбөр хэрэгжснээр барилгын салбарт их бүтээн байгуулалт өрнөсөн. Ипотекийн зээл олгох явцад зээл олгох 6, 8 хувийг тогтооход МИК ерөөсөө оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог. Арилжааны банкууд зуучилж, энэ зээлийг иргэдэд хүргэдэг" гэх тайлбарыг өгөөд байгаа билээ.