Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр мэдээллийн цагийн үеэрээ ой хээрийн түймрээс сэрэмжлүүлээд, ирэх сарын 15-ны өдрийг хүртэл төвийн зургаан дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа талаар дуулгав. Мөн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж.
Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж.
Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.